Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд “ШАР ГЭРЭЛ” асаалаа

2023 оны 11 сарын 16

Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд идэвхжжээ. Замын гэрлэн дохиотой зүйрлэвээс томуугийн вирус “шар гэрэл” асааж анхааруулж байна гэж болох юм. Үүнтэй холбогдуулан зорилтот бүлгийнхэн, 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг вакцинд хамруулж эхэлжээ. Томуугийн вакциныг харьяа дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй хийж байна. Томуугийн вакцин нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалт хийж байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн нар Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубын сэтгүүлчдэд “Томуу болон томуу төст өвчний нөхцөл байдал, тархвар зүйн онцлог, хариу арга хэмжээ”-ний талаар сургалт хийж,  зөвлөгөө мэдээлэл өгснийг хүргэе. 


-Томуу, томуу төст өвчний идэвжил, гаралт ямар түвшинд байна вэ?

-ДЭМБ жил бүр ханиад, томуугийн тандалт судалгааг хийдэг. Тухайн жилд ямар омгийн вирусээр үүсгэгдсэн ханиад, томуугийн дэгдэлт дэлхийн аль бүс нутагт илүү тархаж болзошгүй талаар  урьдчилан тооцооллыг гаргадаг. Тэр жилд дэгдэлт гарах магадлалтай вирусийн омгийг оруулсан вакциныг зөвлөдөг. Энэ зөвлөмжийн дагуу хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж байгаатай  холбогдуулж улсын хэмжээнд зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхэлсэн. Энэ жил томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65 болон  түүнээс дээш насныхан,  архаг өвчтэй хүн, ахмад настан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинд хамруулж байна.

-Вакцин хийлгэснээр дархлаа тогтдог гэж ойлгодог. Ач тусыг нь хэлж өгнө үү?

-Улирлын томуугийн вакцин бол томуугийн вирусийн тухайн улиралд зонхилон эргэлдэж байгаа гурван хүрээний эсрэг дархлаа тогтоодог. Тухайлбал, томуугийн вакцин нь томуугаар өвдөх, өвдсөн ч хөнгөн тусах, томуугийн халдварыг бусдад тараах үйл явцыг бууруулахад чиглэгддэг. Иймээс ханиад томуугаас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй юм.Манай улсын хэмжээнд цар тахлын дараах сүүлийн хоёр ч жил томуу болон томуу төст өвчний гаралт идэвхжсэн, өвчлөл өндөр байсан. Энэ жил  цар тахлын өмнөх жилтэй ойролцоо түвшинд байх болов уу гэж таамаглаж байна. Өвчлөлийн хувьд бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолдож байгаа ч хүндрэл эндэгдлийн хувьд 65-аас дээш насныханд элбэг тохиолдож байсан. Тэгэхээр томуугийн дархлаажуулалтын вакцинд энэ насныхан идэвхтэй хамрагдаж байгаа. 
 


-Улсын хэмжээнд томуу болоод  томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна гэлээ. Нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Орон нутагт нийт эмнэлэгт хэвтэгсдийн 12.4 нь амьсгалын замын цочмог халдвараар өвдсөн байна. Улаанбаатар хотод нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 21.2 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Өвчлөлийн байдлыг өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар бага, өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар их байна. Аймгуудын хувьд хүн амын хөдөлгөөн ихтэй, хилийн бүсийн ойролцоох нутгуудад томуугийн вирус идэвхжих хандлагатай байгаа.Одоогоор Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт вакжинжуулалт өндөр түвшинд явж байна. Аймгуудын хувьд, Говь Алтай, Дархан Уул, Сэлэнгэ аймаг вакцинжуулалтыг хийж дуусгаад байна.

-Вакцинд хэдэн наснаас  эхлэн хамрагдах вэ?

-Зургаан сараас дээш насныхан вакцинд хамрагдах боломжтой. Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байна. Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр найрлага нь өөрчлөгдөж байдаг. Иймд вакцины мэдээлэлтэй танилцаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй.


Н.НЯМСҮРЭН: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙНХЭН ТОМУУГИЙН ВАКЦИНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДЛАА
 

-Томуугийн вакцинжуулалт Чингэлтэй дүүрэгт хэдэн хувьтай хэрэгжиж байна вэ?

-Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин, цаашилбал хүн амын эрүүл мэнд, амь нас, нийгэмд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг халдварт өвчин. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв зорилтот бүлгийнхнийг  томуугийн вакцинд хамруулж эхлээд байна. Бидэнд ирсэн мэдээллээр бол нийслэлийн хэмжээнд 138.400 тун вакцин хуваарилагдсан юм байна лээ. Үүнээс Чингэлтэй дүүрэгт 12.460 тун вакцинаар дархлаажуулалт хийгдэнэ. Дархлаажуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сарын 15-наас эхэлж, одоо үргэлжилж байна.

-Хүүхдүүдийг хэрхэн вакцинд хамруулж байгаа вэ?

-Юуны  өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг өгч байгаа.  Тухайн хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагддаг эсэхээс хамааран хүүхдийн байгууллагаар энэ талаарх мэдээллийг мөн дамжуулан өгч, эцэг эхийн зөвшөөрлийг авч, гарын үсэг зуруулсны үндсэнд  вакцинд хамруулж байна. Гол нь эцэг, эхчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг сайтар авч танилцаж,тэр  дагуу дархлаажуулалтад хамруулах  нь чухал.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулахыг зөвлөдөг юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Улирлын томуугийн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрcдэлийг бууруулдаг.  Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг. Ер нь бол томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн турш дархлаа үргэлжилдэг.

-Вакцин хийлгэхдээ юу анхаарах вэ?

-Эмчийн үзлэгт орох, дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх ёстой. Харин вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх. Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх. Ямар нэгэн эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх хэрэгтэй.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top