Хатгал тосгоны бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 19

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНЫ ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ЛАНДФИЛЛ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зарласан билээ. Тус зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байна.

Төслийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус барьж ашиглалтад хүлээлгэн өгөв.

Тус байгууламж нь хог хаягдлаас хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалсан геомембран доторлогоо, хог хаягдлаас ялгарах бохир шингэн болон метан хий зайлуулах хоолой бүхий ландфилийн 2 үүр, хог хаягдлаас ялгарах бохир шингэнийг цуглуулж ууршуулах сан, төвлөрсөн цэгт ирсэн хог хаягдлыг хэмжиж бүртгэх тусгай зориулалтын програм хангамж бүхий 40 тонны даацтай автопүү, боловсон 00, амралтын өрөө бүхий харуул бүртгэлийн байр, дахин боловсруулах боломжтой хаягдлыг нарийвчлан ангилан ялгах хатуу хучилттай талбай, сайжруулсан шороон зам, хог хаягдал салхиар тархахаас хамгаалсан хамгаалалтын торон хашаа, хог хаягдлыг тогтмол хучих зориулалттай шороо нөөцлөх талбай, төвлөрсөн цэгт ажиллах машин механизмын зогсоол, орон нутгаас гарах аюултай хог хаягдал түр хадгалах 20 тонны контейнер бүхий агуулах, шөнийн цагаар ландфиллын талбайг гэрэлтүүлэх цамхагт гэрэлтүүлэг, хяналтын камертайгаар тус тус төлөвлөгдсөн. Энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ групп ХХК зохиож, “Хэмжилзүй” ХХК гүйцэтгэлээ.

(Автопүү) Хог хаягдлын тухай хуульд хоёрдугаар зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг нь хог хаягдлыг хэмжиж бүртгэх хэрэгсэлтэй байхаар заасан байдаг. Уг шаардлагын дагуу Харганы амын хог хаягдлын төвлөрсөн байгууламжид 9 метрийн урттай 40 тонны даацтай автопүүг суурилуулахаар төлөвлөж, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Нью-Эталон ХХК, програм хангамжийн Линк энжайн ХХК-уудтай гэрээ байгуулан тус ажлыг гүйцэтгүүлснээр Хатгал тосгоны хог хаягдлыг хэмжиж бүртгэх боломжтой боллоо.

Бохир ус цэвэрлэх байгууламж) Түүнчлэн төслийн хүрээнд орон нутгийн эрс тэс уур амьсгал, хэт хүйтэн бүсийн нутаг дэвсгэрт тохиромжтой SBR (SEQUENCING BATCH REACTOR) буюу биологийн аргаар цэвэрлэх технологид суурилсан хоногт 75м3 хүртэл ахуйн бохир усыг хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг барьж ашиглалтад хүлээлгэн өгч байна. Ахуйн бохир усыг биологийн аргаар 95-98 хувь хүртэл цэвэрлэх хүчин чадал бүхий тус цэвэрлэх байгууламж нь идэвхт лагийн процесст суурилсан агааржуулах болон холих процесс ээлжлэн явагдах бөгөөд тундасжих сав, SBR реактор, цэвэршүүлсэн усны танк, цуглуулах танк, лагийн танк, насос станц болон удирдлагын байртайгаар төлөвлөгдсөн. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Хөвсгөл нуурийн эрэг дагуух 160 гаруй жуулчны баазууд, Хатгал тосгоны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарах ахуйн бохир усыг байгальд ил задгай асгаж, хөрс, усыг бохирдуулж байсан өнөөгийн нөхцөл байдлыг бүрэн зогсоох боломж бүрдэж байна.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл

 

May be an image of 3 people and text

May be an image of 5 people

May be an image of 3 people

May be an image of 6 people

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхан мэдээ(213.55.224.45) 2023 оны 11 сарын 19

Бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье\nВүгдэд нь аз жаргал эрүүл энх амжилт сайн сайханыг хүсэн ерөөе

0  |  0
Top