“Эрсдэлийн үндэсний форум” Төрийн ордонд эхэллээ

2023 оны 11 сарын 20

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай  хамтран зохион байгуулж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум” Төрийн ордны “Их танхим”-д эхэллээ.

Эрсдэлийн үндэсний форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

 “Эрсдэл ба стандарт” сэдэвт тус форумд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Оролцогчид нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл, түүнийг удирдах, шилжүүлэх санхүүгийн бодлого, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээ зэрэг дэд сэдвүүдээр үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлт боловсруулна.

Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа гамшигт үзэгдлийн тасралтгүй өсөлт, түүнээс үүсэх хохирлын хэмжээ гамшгийг урьдчилан харж, түүнээс сэрэмжлэх асуудлыг чухал болохыг харуулж байна. Олон улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаардана гэдгийг тогтоосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top