Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний IV чуулган боллоо

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 25

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний IV чуулган“-ыг өнөөдөр /2022.11.24/ зохион байгууллаа.

Манай улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд аймаг, дүүргийн 100 орчим эмч, мэргэжилтэн оролцсон.Чуулганыг УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа нээж хэлсэн үгэндээ "Эмнэлзүйн ховор тохиолдол гэдэг нь эрүүл мэндийн салбарын заавал оношилж, эмчлэх шаардлагатай өвчнүүдийн нэг бөгөөд ДЭМБ-аас 2023 онд гаргасан тодорхойлолтоор 100 мянган хүн амд 65-аас доош тохиолдож байгаа ба Европын Холбооны улсад 100 мянган хүнд 50-иас доош, АНУ-д 60-аас доош буюу 0,05-0,65 хувьд нь илэрдэг өвчин эмгэгийг ховор тохиолдол хэмээн үздэг. Одоогийн байдлаар дэлхий нийтэд 300 сая орчим хүн эмнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилж, оношлогдсон байна.

Эдгээр өвчний 70 хувь нь генийн буюу удмын шалтгаантай. Үүнээс гадна гуравны хоёр нь хүүхдэд тохиолддог бөгөөд эмнэл зүйн ховор тохиолдлын эмчилгээ нь төвөгтэй, 95 хувьд нь эмчилгээ байдаггүй.Харин эмнэл зүйн ховор тохиолдлыг оношлох, илрүүлэх тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь шинэ технологи, лабораторийн оношилгооны төрөл нэмэгдсэнээс гадна манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар хэрхэн дээшилж буйг харуулж буй юм. 

Түүнчлэн эмч нар маань маш их уншиж, судалдгийг харахад таатай байгаа. Тиймээс бид энэ бүх туршлагаа хуваалцах зорилгоор энэхүү чуулганыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна” хэмээсэн юм.Энэ удаагийн чуулганд шилдэг 20 илтгэлийг  шалгаруулсан ба аман илтгэлийн төрөлд тэргүүн байранд Маскарад шинж тэмдэгт системийн буллёз пемфигойд (bullous pemphigoid) Т.Ариунболд, Б.Энхмандах - Орбита нүдний эмнэлэг, дэд байранд COVID-19 -ийн шалтгаант каролигийн өвчинд амьд донороос элэг шилжүүлэн суулгуулсан тохиолдол Г.Анар, Б.Сумъяа, Э.Маргад-Эрдэнэ - УНТЭ-Гастрэнтерологийн тасаг-Элэг шилжүүлэн суулгах төв, гутгаар байранд Остеосарком сэжиглэгдсэн монгол эрэгтэйд poems хамшинжийг оношилсон анхны тохиолдол Г.Чинбат , А.Нансалмаа, С. Мядагсүрэн, Д.Булган - УНТЭ-Цусны эмгэг судлал- чөмөг шилжүүлэн суулгах төв шалгарлаа. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top