Хятад улсад эрчимтэй тархаж байгаа амьсгалын замын халдварт өвчний асуудлаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллага хойд бүс нутгуудад нэмэгдсэн уушгины хатгалгааны асуудлаар энэ сарын 13-нд мэдээлэл өгсөн. ДЭМБ энэ сарын 22-нд БНХАУ-аас нэмэлт тодруулгыг хүссэний дагуу 23-нд мэдээлэл хүргэхдээ Хятадад хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа, улирлын чанартай үүсдэг амьсгалын замын халдвар, ковид зэрэг уушгины хатгалгаа үүсгэдэг халдварууд нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн” гэлээ.
БНХАУ-д өнгөрсөн хавар ковидын хоригийг цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгджээ. Одоо тархаж буй уушгины хатгалгаа нь микоплазмын шалтгаантай халдвар аж. Харин хатгалгаа үүсгэдэг шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн байна.
Хятадын хойд хэсэгт тархаад байгаа уушгины хатгалгааны шинж тэмдэг нь амьсгалын дээд замаар илэрдэг ч хатгалгаа болдог аж.
Нянгийн шалтгаант энэхүү халдвар нь зарим улс оронд дэгдэлт хэлбэрээр сургууль, цэцэрлэг зэрэг хаалттай орчинд бүртгэгдээд явж байдаг гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Манай улсад ч уг халдвар хязгаарлагдмал орчинд бүртгэгддэг аж.
Сэтгэгдэл ( 0 )