Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 01

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг тэмдэглэдэг. Дэлхий даяар ДОХ/ХДХВ-тэй хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, энэ аюултай халдварт өвчний улмаас нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, аюулт өвчний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхийг зорьдог билээ.

ХДХВ нь дэлхийн нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд эл вирусийн улмаас 40.4 сая хүн нас баржээ. Гэтэл дэлхий даяар халдвар тархсан хэвээр.

2022 оны байдлаар, дэлхий дээр ДОХ/ХДХВ-ийн халдвартай 39 сая хүн амьдарч байгаагаас 25.6 сая нь Африк тивд бүртгэгдсэн.

2022 онд ХДХВ-ийн халдварын улмаас 630 мянган хүн эндэж, 1.3 сая халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.

ХДХВ-г бүрэн эмчлэх арга олдоогүй л байна. Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмж сайжирснаар ХДХВ-ийн халдвар хянагддаг архаг өвчний ангилалд орж, халдвартай хүмүүс урт удаан амьдрах боломжтой болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан болон UNAIDS ХДХВ-ийн халдварыг 2030 он гэхэд зогсоох стратегийг хамтран боловсруулаад байна. Энэ зорилгод хүрэхийн тулд халдвар авсан хүмүүсийн 95 хувь халдвартай гэдгээ мэдэх өөрөөр хэлбэл оношилгоонд хамрагдах, тэдний 95 хувь нь амин чухал ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдах, тэдний 95 хувь вирусийн ачааллыг дарангуйлсан байх ёстой аж.

Вирусийн түүх

 

Хүний дархлал хомстлын вирус хаанаас гаралтай болох нь одоо хэр тодорхойгүй л байна. Гэхдээ вирусийн гарал үүслийн талаар янз бүрийн домог, онол түгжээ. Тухайлбал, вирусийг харь гарагийнхан илгээсэн, лабораторид гаргаж авсан, хорт хавдрын эсрэг эм бэлдмэл бүтээх явцад гарч ирсэн, хүмүүсийн дунд удаан хугацаанд амьдарч, мутацид орсны дүнд аюултай хэлбэртэй болсон гэх янз бүрийн хувилбаруудыг дэвшүүлдэг. Хамгийн түгээмэл онол нь ХДХВ нь сармагчны вирус хувьсах замаар гарч ирсэн гэдэг. Орчин цагт үүнийг батлахын тулд эрдэмтэд олон тооны судалгаа явуулсаар байна.

ХДХВ-ИЙН ХАЛДВАРЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ

ДОХ-ын халдварын анхны тохиолдлууд Африк, АНУ болон Гаитид 1970-аад оны дунд үед бүртгэгджээ. Гэхдээ үүнээс ч өмнө вирус илэрч байсан нотолгоонууд байдаг аж. Тухайлбал, 1959 онд Конгогийн нийслэл Киншансе хотод хүний хадгалагдан үлдсэн эдийн сорьцод илэрч байжээ. Арван жилийн дараа АНУ-д ДОХ-ын улмаас Роберт Рейфорд гэх өсвөр настан нас барж байсан бол 1977 оноос эхлэн Европт нас баралт бүртгэгдэж эхэлжээ. Норвегийн далайчин Арвид Ной ДОХ-ын улмаас нас барсан Европын анхны өвчтөн. ДОХ-ын халдвар 1981 онд эрчимжжээ. Тухайн үед Лос Анжелес хотод залуу ижил хүйстнүүдэд үл мэдэгдэх халдвар илэрч эхэлжээ. Тухайн үед эмч нар үл мэдэгдэх гаралтай өвчний шалтгаан нь дархлаа муудсаны улмаас гэсэн онош тавьж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top