Сурагчдын амралтыг наашлуулах санал ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 12 сарын 01

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын амралт батлагдсан хуваариар бол 2024 оны нэгдүгээр сарын 8-наас, ахлах ангийнхных амралт нэгдүгээр сарын 15-наас нь эхлэх хуваарьтай байгаа. 

Гэсэн ч Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас эрс хүйтэрч, цас ахиу орох төлөвтэй байгаа тул Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал гаргажээ. 

Гэхдээ эцсийн шийд хараахан гараагүй байгаа бөгөөд гаргасан саналд сурагчдын амралтын хугацааг дөрөв хоног нааш нь татах хувилбар буюу нэгдүгээр сарын эхний долоо хоногийн хичээлийн өдрүүдийг дараагийн улиралд шилжүүлэх тухай тусгасан талаар албаныхан хэллээ. 

Нэгдүгээр сарын 2-ноос наана буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын Бүх нийтийн амралтын өдөр, арванхоёрдугаар сарын 30, 31-нд бямба, ням гариг, нэгдүгээр сарын 1-нд Шинэ жилийн амралт гээд үргэлжилсэн дөрвөн өдрийн амралт таарч байгаа тул нэгдүгээр сарын эхний долоо хоногийн буюу 2, 3, 4, 5-ны дөрвөн өдрийн хичээлийн асуудлыг зохицуулснаар бага ангийн сурагчид үндсэндээ арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн ид хүйтний өдрүүдэд гэртээ байх боломж бүрдэхээр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top