Дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээгээр тэргүүлэгч БНСУ-ын Ганнам дүүргээс амьдралын боломж тааруу, малчин айлын охинд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Солонгосын Ганнам дүүргээс “Эмчилгээний тусламж үйлчилгээг хуваалцах” төслийг санаачлан Монголд эмчлүүлэх боломжгүй, төрөлхийн өвчний оноштой хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх саналыг манай улсын ЭМЯ-д ирүүлснээр 70 гаруй хүүхдээс Хэнтий аймгийн малчин айлын охин, 14 настай, төрөлхийн баруун чихний хөгжил дутуу "microtia" өвчний оноштой Д.Энхмандах сонгогдон үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэхээр болсон юм.
Ганнам дүүргийн “Charity Project Medical Gangnam 2023” төслийн хүрээнд өнгөрөгч долдугаар сарын 26-нд Д.Энхмандах охинд Ганнам дүүргийн шилдэг эмнэлэг “Ганнам Северанс”-аас анхан шатны хагалгаа болох чихний нөхөн сэргээх мэс засал болон хамрын таславчийг засах хагалгааг амжилттай хийсэн. Төлөвлөгөө ёсоор зөвхөн чихний нөхөн сэргээх мэс засал хийх байсан боловч Д.Энхмандах охин хамрын таславчийн муруйлттай байсан тул чих, хамар хоолойн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр ийнхүү хос хагалгаа хийсэн байдаг. Харин чихний дутуу хөгжил “microtia” өвчиний мэс заслыг хоёр удаа буюу давтан хийлгэх шаардлагатай байдаг. Энэ дагуу “Ганнам Северанс” эмнэлэгт дараагийн шатны хагалгаа амжилттай болсон байна.
Хоёр дахь хагалгаагаар чихний өнцөг гаргах, чихний дэлбээг босгох, арьс нөхөх ажилбар хийгдсэн бөгөөд хагалгаа амжилттай болж, үр дүн өндөр байгаа тухай мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Д.Энхмандах охинд чихний хагалгаа хийсэн “Ганнам Северанс” эмнэлгийн Гоо сайхны мэс заслын тасгийн эмч, профессор Юн Ин Шиг хагалгааны үр дүнгийн талаар “Хагалгаа маш сайн болсон. Энхмандахын насанд буюу өсвөр насандаа ийм төрлийн хагалгаа хийлгэхэд тохиромжтой байдаг. Учир нь охин өсөхөд дагаад биеийн нөхөн төлжих явц сайжирч цаашид бойжилт хэвийн явагдах сайн талтай. Тийм болохоор хагалгааны үр дүн өндөр байх болно. Охины цаашдын ирээдүйд сайн сайхныг хүсье” хэмээн хэлсэн. Харин Д.Энхмандах охин “Хагалгаа амжилттай болсонд баяртай байна. Өдрөөс өдөрт бие минь сайжирч байна. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн эмнэлэгийн “алтан гарт” эмч нар, Ганнам дүүргийн хамт олон болон бусад бүх хүмүүстээ баярлалаа. Зарим үед их өвдөж байсан ч энэ сайхан хүмүүсийн хайр итгэлийг даах хэрэгтэй гэж бодоод тэвчих үе байсан. Энэ хэцүү хагалгааг амжилттай сайн хийж өгсөн эмч нартаа дахин баярлалаа. Эмч болох мөрөөдлөө биелүүлээд энэ сайн хүмүүсээс хүртсэн хайраа бусдад түгээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Д.Энхмандах охинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн “Ганнам Северанс” эмнэлэг нь “Ёнсэ” их сургуулийн эрүүл мэндийн төв "Yonsei University Health System" болон 1983 онд Сөүл хотын Ганнам дүүрэгт байгуулагдсан ба өдгөө мэргэжлийн дөрвөн төрөлжсөн эмнэлэг, 47 тасагтай, “Бүтэн биеийн шинжилгээний тасагтай 3-р шатлалын нэгдсэн эмнэлэг” болон үйл ажиллагаагаа явуулж байна. “Ганнам Северанс” эмнэлэг нь “Бүтэн биеийн шинжилгээ-амбулатори үзлэг-хэвтэн эмчлүүлэх болон хагалгаа” зэрэг эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломжтой эмнэлэг бөгөөд “Гадаад өвчтөнүүдэд зориулсан шуурхай үйлчилгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эрүүл мэндийн үйлчилгээг үнэн зөв, хурдан шуурхай хүргэж байна. Дэлхийн шилдэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг “Ганнам Северанс” эмнэлэгт жилдээ 990,000 хүн амбулаториор үзүүлж 250 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг ажээ.
Дашрамд дурдахад, “Эмчилгээний тусламж үйлчилгээг хуваалцах” сайн үйлсийн эмчилгээний төслийг хэрэгжүүлэгч Ганнам дүүргийн нутаг дэвсгэрт 3,385 эрүүл мэндийн байгууллага, 60 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНСУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалаар ирэгсдийн 24% нь тус дүүргийг зорин ирдэг. Тиймээс эрүүл мэндийн аялал жуулчлалыг зорин ирдэг жуулчдад зориулан 39 мэргэжлийн орчуулагч ажиллуулж буудал захиалга, эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө, онгоцны буудлаас тосох, аяллын хөтөлбөр гаргах гэх мэт нэгдсэн цогц үйлчилгээг үзүүлж байна.
Энэ онд Солонгос Монголын найрамдалт харилцааны 33 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн хүрээнд “Ганнам эрүүл мэндийн хуваалцах” төслийг хэрэгжүүлэхээс гадна өнгөрөгч наймдугаар сард Ганнамын эрүүл мэндийн аялал жуулчлалын хөгжил дэвшил болон Монголын шилдэг арга туршлагыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
эрүүл энхийг хүсэе
ямар гоё юм бэ, баяр хүргэе