Өвлийн бороо ба туйлын туяа

2023 оны 12 сарын 07

Цаг агаарын төлөв байдлыг бид бүү хэл алдарт Ванга ч тааж хэлэх аргагүй болжээ. Өвлийн эхэн сар дундаасаа өнгөрсөн атал баруун зарим аймгаар бороо шивэрсэн гэнэ. Завханы хойгуур, Баян-Өлгий хавиар Аврора хэмээгдэгч туйлын туяа гүн улаан өнгөөр үзэгджээ. Арваннэгдүгээр сарын эхээр бас ногоовтор туяа татсан л гэсэн. Ингээд туйлын туяаг заавал Санкт-Петербург, эсвэл Хойд туйл, Канад явж харах шаардлагагүй болов. 

Уг нь Монголд хэзээ ч харагдах боломжгүй л гэдэг байсан бил үү. “Монголд улаан өнгөтэй харагдсан нь газрын гадаргаас дээш 200 км-ын өндөрт болж байгаа гэсэн үг. Хэрвээ 100 км-т байсан бол ногоон, 500 км байсан бол цэнхэр харагдах байж” хэмээн бичсэнийг олж харлаа. “Улаан өнгийн туйлын туяа нь дээд давхарга буюу термосферийн давхаргад болж буй үзэгдэл бөгөөд нарнаас цацарсан протон нь хүчилтөрөгчийн атомтай мөргөлдөх явц ажээ” гэсэн шинжлэх ухааны тайлбар ч байна.

Нийслэл хотод ч нэвсийтэл дарсан цасны араас хавар мэт манан татаад нэг л биш. Сэвэлзүүр салхи мөнөөх их утааг хөөн явуулаад цагаан цасан хэвнэгээ нөмөрсөн дөрвөн уул тэртээ олон жилийн өмнөх мэт намуухан дүнхийх нь үзэмжтэй.

Ховд хотод арванхоёрдугаар сарын 4-ний шөнө 10-хан минутын дотор хасах 14 градусаас огцом нэмэх нэг градус руу эргэж, халуун орны Фён гэгч бүлээн хуурай салхи гэнэт түрэн ирсэн үзэгдэл болжээ.

Ес эхлэхэд тоотой хэдхэн өдөр үлдээд байхад шүү. Үүнээс шалтгаалж салхины хүч ширүүсэж, зарим суманд хавар мэт дээвэр туурга ханз татаж орхиж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж.Т(66.181.161.182) 2023 оны 12 сарын 09

Хурай хурай хурай

0  |  0
Зочин(66.181.178.217) 2023 оны 12 сарын 08

Энэ нь халуун орны салхи биш өндөр уулыг агаарын хүчтэй урсгал давахад агаар огцом халах үзэгдэл юмаа Аль ч өндөр ууланд ажиглагддаг

0  |  0
Aa(139.5.219.149) 2023 оны 12 сарын 09

Narndeer tom nvh vvssen terni ulaan tyua vvsgeed bga yum yariad baisiishd vnench yum uu hudlaach yum uu

2  |  0
зочин(103.212.119.154) 2023 оны 12 сарын 08

Маргаашнаас эхлээд маш их хүйтрэх нээ. хэд хоног юм бол доо. Дээр үеийн хүмүүс ес эхлэхээс өмнө хүйтрэх сайн л гэдэг гэж байна. Ямар ч гэсэн дэлхий дээр маань их л өөрчлөлт болох нь дээ.

2  |  0
Top