ЦУОШГ-аас гаргасан мэдээгээр шинэ долоо хоног цасархаг байх нь ээ. Энэ жилийн цас нэг орохоороо ихэд зузаан лавсан бууж буйгаараа онцлог.
Цас их унаж хунгарласан газруудад бог мал лав далд орохоор байгаа. Арванхоёрдугаар сар гарсан атал дулаарч, шөнө орсон цас өдөртөө хайлмагтан оройдоо царцаж мөс болж малын бэлчээрийг гагнаад тавьчихсан. Ес эхлэх дөхөж буй энэ өдрүүдэд харин хүйтний эрч чангарч, жам ёсоороо өвөл ирэх төлөвтэй.
Ер нь цагийн юм цагтаа зөв байдаг. Өвөл дулаарч цас хайлах, зундаа сэрүүсч зутраахын аль аль нь муу. Энэ их цас хавартаа шар усны үерийг гарцаагүй дагуулна. Түүний дараа харин газрын хөрс усаар ханаж, өвс ногоо сайхан ургах байх. Тэр боломжийг л ашиглаж ирэх намар хадлангаа ахиухан базаагаад авбал дараа жилийн өвөл шар тос хураасантай ижил гэсэн үг.
Дахиад л цас гэснээс орон нутагт зам харгуй хаагдаж, зудархуу байгаа энэ үед дахин нүүр нүдгүй шуурга тавьж мэднэ. Цаг агаарын байгууллагаас тасралтгүй анхааруулсаар байгааг үл тоон алсын замд шатахуун багатай, дугуй муутай машинаар нимгэн хөнгөн хувцаслаж гарахаас болгоомжлохгүй бол өнгөрсөн хэдхэн хоногт Онцгойгийнхон хэчнээн ч хүнийг хөлдөж осгохоос аврав даа. Бас малчид маань цаг агаарын мэдээгээ анхааралтай сонсож хэзээ хаашаа малаа бэлчээхээ бодохгүй бол 11 дүгээр сарын эхээр болдог эмгэнэлт явдал давтагдахгүй гэх газаргүй.
Аравхан хоногийн дараа ес эхэллээ. Ес эхлэхээс өмнө битүү ес гэж байдаг хэмээн өвөг дээдэс сургадаг. Тэр ёсоор бол өнөөдрөөс битүү естэйгээ золгож буй. Өдөр богиносох хамгийн дээд цэгтээ хүрсэн. Үүнээс цааш богиносохгүй. Харин 12 дугаар сарын 22-ноос минут минутаар өдөр наашилна даа. Өвлийн туйл ес эхлэж, их цасны улиралтай золгож буй учир ахин дахин “Цастай, шуургатай” гэх мэдээг сонсож байх болно. Анхны өвөлтэйгээ золгож буй биш болохоор нэг л мэдэхэд хавар ирж, төлийн дуу цангинана даа.
Сэтгэгдэл ( 1 )
Фээсбүүк ухаж эргүүтэж байхаар мэдээ уншмаар юм