МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын чөлөөт хэвлэлийн салбарт өөрийн гэсэн өнгө аяс бүхий орон зайг эзэлж, уншигч захиалагчдынхаа оюуны эрэлт хэрэгцээ, үнэн бодит мэдээлэл авах эрхийг хангах эрхэм үүргийг 17 жилийн турш биелүүлж, 4000 дахь дугаараа эрхлэн гаргаж буй “Өглөөний сонин”-ы үүсгэн байгуулагч, үе үеийн эрхлэгч, сэтгүүлч, уран бүтээлч, эх бэлтгэгчид, хэвлэх үйлдвэрийн хамт олон, уншигчдын гарт өдөр бүрийн дугаарыг хүргэн өгдөг харилцаа холбоо, шуудангийн ажилтан, ажилтнуудад энэ түүхт өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
Манай монголчууд эрдэм номыг эрхэм баян хэмээн эртнээс эрхэмлэж, ном, судрыг дээдлэн, уншиж мэдэхийг чухалчилдаг ард түмэн билээ. Ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж, шударга, бодит мэдээллийг ёс зүйтэй, шуурхай хүргэн, өглөө бүр шинэ мэдээ мэдээлэл бүхий хэвлэлийг уншигчдын гарт хүргэдэг уламжлалт сэтгүүлзүйн том түүчээ бол өдөр тутмын сонин.
Өдөр тутмын сонин бол Монгол Улсын, монголчууд бидний тухайн цагийн түүхийг хойч үед бичин үлдээдэг нэгэн архив хэмээн би үздэг. Монгол Улсдаа болон дэлхий дахинд өрнөж буй шинэ содон, онцлох үйл явдлыг баримтжуулан үлдээж, мэргэжлийн ёс зүйг чандлан баримталж, сэтгүүл зүйн хөгжлийн үйлсэд авьяас чадвар, идэвх зүтгэл, итгэл сэтгэлээ дайчлан зүтгэгчид бол өдөр тутмын сонины сэтгүүлч, уран бүтээлч, ажилтнууд юм. Дэлхий нийтэд өдгөө цаасан хэвлэл, бичмэл мэдээллийн хэрэгцээ эргэн сэргэж, өргөжин тэлж буй баримтууд бий. Хараат бус, ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйн төлөөх та бүхний зүтгэлийг уншигч, олон нийт талархан дэмждэг билээ.
Мэргэжлийн чиг баримжаагаа алдалгүй баримталж, үнэн бодит мэдээ, мэдээлэл, сэтгүүлзүйн бүтээлийг уншигч олондоо хүргэж, оюуны дундаршгүй хэрэгцээг хангахын төлөө өдөр тутам цуцашгүй хөдөлмөрлөн яваа өдөр тутмын “Өглөөний сонин”-ы редакцын үе үеийн хамт олон, сэтгүүлч уран бүтээлчид, идэвхтэн бичигчид, үнэнч уншигч та бүхэнд амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Сэтгэгдэл ( 2 )
Бензин шатахуун тасраад хот хөдөөгүй туйлдаж хэцүү байхад энэ хүн jдуугардаггүй юмуу?
Энэ Засгийн газраа тарааж шинэ ЗГ байгуулахгүй бол хэцүүднэ шүү