Аав, ээж нь сонин захиалдаг хүүхдийн унших дадал аяндаа сайжирдаг

2023 оны 12 сарын 12

Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, өнөөдөр 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна.


Мэдээллийн хэрэгсэл дотроо олон янз. Тэр бүрдээ давуу болон сул талтай. Тухайлбал, сонин яг үйл явдлыг тэр дор нь хүргэж амжихгүй ч тухайн мэдээллийн уг агуулгыг илүү олон төрлийн эх сурвалжтайгаар хүргэдэг. Тодорхой хэлбэл, өдөр тутмын сонин зөвхөн үнэн мэдээлэл нийтэлдэг гэсэн үг. Товчхондоо, хэн нэгэнд биш уншигчдадаа үйлчилдэг байгууллага. Энэ бол мэдээллийн зах хязгааргүй урсгалд хөл алдсан өнөө цагт хамгийн үнэт зүйл юм. Иймээс ч сонины уншигчид жил ирэх бүр нэмэгдсээр байгааг сүүлийн үеийн судалгаа, олон нийтийн хандлага харуулсаар байна.

Хүүхдэд тустай тухайд хоёр жишээ татъя. Аав, ээж нь сонин ном уншдаг гэр бүлээс гаралтай хүүхдүүд бусдаас илүү унших дадалтай болсон байдаг. Еврей үгэнд “Хүүхдийг ном уншуулах гэж шахах хэрэггүй. Өөрөө уншдаг бай” гэсэн үг ч бий. Тэгэхээр сонин хэрэгцээтэй үнэн зөв мэдээллээр хангахаас гадна гэр бүлдээ үлгэр жишээ үзүүлэх хамгийн сонгодог арга гэдгийг ухамсарт уншигчид хэдийнхэ хүлээн зөвшөөрчээ.

Таниас үлгэр жишээ авсан өсвөр насны хүүхэд сонин уншиж сурснаар нийгмийн чиг баримжааны хувьд илүү буртаггүй, зөв мэдээлэлтэй болно. Үүний ашиг тусыг бол тоочоод барамгүй. Төрийн албаны шат дамжлагын талаарх мэдлэг нь зузаарч, хэрэв өөрийнхөө эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах тухайг харж авах бол наад захын жишээ. Тэгээд цаашаа элдэв худал үймээнд сохроор оролцохоос сэргийлж ч болно. Ядаж л юмны наад, цаадхыг ойлгодог, амар тайван аж амьдралыг өөртөө олж авна гэдэг орчин үед үгүйлэгдэж байгаа хамгийн зөв хандлага юм.

Мэргэжлийн редакцийн үйл ажиллагааг алдахгүйгээр, хандалтын араас хэтэрхий хөөцөлдөхгүйгээр, тайлбарласан, тоймлосон, анализ хийсэн, ойлгомжтой, олон төрлийн мэдээллийн эх сурвалжтай мэдээлэх хэлбэрийг өдөр тутмын сониныхон маань давхар цахим аргаар өгөх боломжтой. Цаасаар хэвлэгдэж байгаа нь сонин, цахимд байгаа нь сонин биш гэдэг уламжлалт сэтгэлгээнээсээ  салах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top