ОЛОН ӨНГӨ | Сонины үе эргэж ирнэ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

Ягаан толгойтой сониндоо оюутан байхдаа л иржээ. Тэр цагаас хойш 12 намар өнгөрсөн байна. Одоо нэрийг нь сонсох төдийд ДУЛААХАН мэдрэмж төрж, ДОТНО санагддаг. Өдөр тутмын сонин чамайг “жаахан хүүхэд" гэж толгойг чинь илэхгүй. Олон жил ажилласан, салбартаа дархлагдсан сэтгүүлчтэй энэ зэрэгцэхүйц шаардлага тавина. Үргэлж "буцалж" байдаг сонины гал тогоо бараг л "дайны талбар" шүү.

Хэн авьяастай, хэн мэдрэмжтэй, хэн чадвартай нь л шигшигддэг. "Өглөөний сонин" намайг хайрлаж, хүндэлмээр олон сайхан ах эгч, найз нөхөдтэй болгожээ. Олон ч дадлыг сургасан байна. Наад зах нь, үг дааж сурчээ. Ачаалал дааж сургажээ. Хүнтэй харилцахыг, хариуцлагатай байхыг суулгасан.

Намайг сэтгүүлзүйн салбарт хөл тавихад өдөр тутмын 15 хэвлэл үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Тэр хэрээр өрсөлдөөн их. Мэдээллийн араас явдаг, баримтын араас гүйдэг. Түүнийгээ хэр урлаж бичсэнээрээ үнэлэгддэг, хүндлэгддэг байж. "Хадаас" мэдээ, даацтай нийтлэл, "амт"-тай ярилцлага хийсэн нэгэндээ баяр хүргэж, цагаахан атаархана. Нэг нэгнээ хурцална, өнгөлнө. Элдэв аашгүй сайхан нөхөрлөдөг байжээ. Харин энэ цагт сонин уншихыг хүсдэг, зорьж уншдаг хүн ховорджээ. Сонин уншдаггүй, сонин мэддэггүй бүхэл бүтэн үе гарч ирсэн гэж бодохоор гунигтай. Зөвхөн дарга нарын өрөөнд, албан байгууллагын ширээн дээр л өдөр тутмын сонин тоотой харагддаг болсон байна.

Гэсэн ч сонины үе эргэж ирнэ гэдэгт би итгэдэг, итгэхийг хүсдэг. Олон ч өдөр тутмын сонин өндөр үүдээ хаажээ. Одоо өдөр тутам хэвлэгдэж байгаа нь дөрөв, тавхан л байна. "Өнөөдөр", "Өдрийн сонин", "Зууны мэдээ", “Монголын мэдээ"... Мэдээж ягаан толгойтой "Өглөөний сонин" маань. “Өглөөний сонин” тасралтгүй 17 жил хэвлэгдэж, өнөөдөр 4000 дахь дугаараа уншигчдадаа хүргэж байна. Олон хүний хайр, хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй, багт баяр хүргэе. Хайртай даа, ягаан толгойтой "янаг" сониндоо. Ажилдаа дурлаж, мэргэжлээ хайрлаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top