Л.Дашням: Сонин гэдэг хүмүүсийн аливааг таньж мэдэх, ойлгох, ухаарах том индэр

2023 оны 12 сарын 13

Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэлээ.


4000 дахь дугаараа уншигч, захиалагчдадаа хүргэж байгаа “Өглөөний сонин”-ы хамт олонд баяр хүргэе. Олон жил энэ сониныг захиалж,уншиж байгаа хүний хувьд та бүхэнд баярлаж явдгаа илэрхийлье.

Сонин гэдэг хүмүүсийн аливааг таньж мэдэх, ойлгох, ухаарах том индэр мөн. Өглөө болгон бусдын мэдье, сонсоё, дуулъя гэснийг өмнө нь дэлгээд тавьж байгаа тийм сайхан сонин байна гэдэг үнэхээр баярлууштай. “Өглөөний сонин” тэр үүргээ анх хэвлэгдсэн цагаас хойш тасралтгүй биелүүлж ирсэн.

Энэ сонины хуудсаар дамжуулан бид ялангуяа өнөөгийн Монголын нийгэм, монголчуудын алдаж онож байгаа олон зүйлийг тод томруун харуулж чаддагт нь “Өглөөний сонин”-ыг унших дуртай байдаг юм. Хүн бол сайн сайхан юмаа бахдаж, магтаж дууриалал авалгүй яах вэ. Гэхдээ муу муухайгаа хурдхан гээхийг эрмэлзэх ёстой. Тэрэнд нь “Өглөөний сонин”-г тусалж чаддаг гэж би боддог.

Энэ сонинд ажилладаг олон чадварлаг сэтгүүлч, уран бүтээлч бий. Тэдний уйгагүй хөдөлмөрөөр энэ сонин бүтэж байгаа. Тиймээс “Өглөөний сонин”-ы уран бүтээлч хамт олонд дахин баяр хүргэе. Сониноо улам сайхан болгоорой.

Өглөө бүр бид холоос ирэх зочноо хүлээдэг шиг танай сониныг хүлээдэг шүү. Энэ уншигчдаа үргэлж баярлуулж байгаарай.

АРДЫН БАГШ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Л.ДАШНЯМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top