Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахимаар хуралдлаа

2023 оны 12 сарын 13

Томуугийн улирлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Шуурхай баг байгуулах тухай” А/421 дүгээр тушаалаар дэд сайдаар ахлуулсан таван дэд багийг байгуулсан.

Тэдгээр багийн нэг ор зохицуулах дэд багаас 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, чиглэл өгөх зорилготой цахим хурлыг өчигдөр /2023-12-12/ зохион байгууллаа.



Хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, хэлтсийн дарга М.Оюунчимэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.



Эрүүл мэндийн газрын удирдлагууд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээний томуу, томуу төст өвчний тархалт болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой зарим сумдад түргэний машин явах боломжгүй болж байгааг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлж байлаа.



Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийн тасралтгүй байдлыг хангах хүрээнд эрүүл мэндийн байгууллагад ор зохицуулалтыг шуурхай хийх, амбулаторийн тусламж, үйлчилгээний ажиллах цагийг уртасгах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх гэрийн эргэлтийг сайжруулах, нэн ялангуяа тав хүртэлх насны хүүхэд, архаг суурь өвчтэй иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, эмнэлгийн машины түлш, шатахууны тасралтгүй байдалд анхаарах, үйлчилгээний байгууллагуудад амны хаалт заавал зүүж үйлчлүүлэх заавар, зөвлөмжийг түгээхэд онцгой анхаарах чиглэл өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top