Барилга, хот байгуулалтын яам "ISO 9001:2015" олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж баталгаажууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 14

 

Төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх зорилгын хүрээнд БХБЯ 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Олон улсын "Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015" стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Өнөөдөр /2023.12.14/-ний өдөр тус яам Төрийн захиргааны төв байгууллагуудыг манлайлан түүчээлж Олон улсын “Чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001:2015”-ыг нэвтрүүлэлтийн баталгаажуулалтын Гэрчилгээг гардан авлаа.

“SESBELL” олон улсын стандартын аудитын байгууллагаас баталгаажуулсан тус Гэрчилгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын референт Д.Ганбат нар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбатад гардуулан өгч, тус яамны нийт хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Төрийн захиргааны төв байгууллагуудаас Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байгаа анхдагчдын нэг нь Барилга, хот байгуулалтын яам болж байгааг онцлон цаашид Төрийн бүхий л байгууллагууд үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нэвтрүүлж, чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлж, тасралтгүй сайжруулалт хийж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаанд "ISO 9001:2015" стандартыг нэвтрүүлэх ажил 2 жилийн хугацаанд үргэлжилсэн, тус хугацаанд бэрхшээлтэй асуудлууд тулгарч байсан ч Төлөвлөх-Гүйцэтгэх-Шалган нягтлах-Сайжруулах гэсэн 4 үе шатны дагуу стандартыг нэвтрүүлж алдаа, дутагдал, сул тал, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр байнгын сайжруулалт хийж ажилласны үр дүнд өнөөдөр ийнхүү баталгаажуулалтын Гэрчилгээг гардан авч байгаагаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат онцлов.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоотой Төрийн байгууллагууд бий болсноор Улс орны хөгжлийн чанар дээшилж хурдасдаг болохыг “Глобал куалити” ХХК, “Sesbell” олон улсын стандартын аудитын итгэмжлэгдсэн байгууллагын төлөөллүүд тэмдэглэж байлаа.

Барилга, хот байгуулалтын яамны хувьд Олон улсын чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлж, тус стандартад нийцүүлэн Алсын хараа, Эрхэм зорилгоо тодорхойлон ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.46.161) 2023 оны 12 сарын 14

ХХК-ууд Хятадын чанаргүй, хямт материалаар орон сууц барьчихаад түүнийгээ хэд дхаин нугалан зарж / 1м2 нь 3,5- саяаас дээш/иргэдийг шулж , мөлжиж, дээрэмдэж байгаа нь олон улсын стандар мөн үү? орон сууцны бодит үнийг үнэн зөв тогтоохгүй бол иргэд авч дийлэхгүй, утаа арилгахгүй, мөлжлөг улам гаарч байн шүү...

0  |  0
Top