Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Финландын Турку их сургуулийн дэргэдэх "Eduten" дижитал боловсролын компанийн гүйцэтгэх захирал Хенри Муриматай уулзлаа.
Монгол Улсад 2022-2023 оны хичээлийн жилд Eduten математикийн хичээлийн цахим платформыг туршилтаар нэвтрүүлж, 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан. Туршилтын үр дүн сайн байсан учраас 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3-4 дүгээр ангийн сурагчид судалж байна. Ирэх хичээлийн жилд бага ангийн буюу 1-5 дугаар ангийн нийт сурагч энэ платформын тусламжтайгаар математикийн хичээлийг судлах юм.
Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг. Eduten ашигласнаар тоо бодох дур сонирхол нэмэгдэж, сурагчдын хурд сайжирч байгаа юм. Өмнө нь хичээлийн 40 минутад сурагчид 3-5 бодлого боддог байсан бол өнөөдөр 50 бодлого боддог болсон.
Цаашид Турку их сургуультай хамтран багш, судлаач солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдрийн уулзалтын үеэр ярилцлаа. Мөн МУБИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг хамтран эхлүүлэх, боловсролын технологийн сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр ч яриа хэлэлцээ эхэлж байна.
PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнд унших чадварыг сайжруулах, энэ чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарсан. Тиймээс энэ чиглэлээр ч хамтрах цахим платформ хөгжүүлэхээр ярилцав.
Сэтгэгдэл ( 1 )
бяцхан хүүхдүүдийг дэлгэцийн хамааралтай болгож яаж бгаа юм бэ!