Д.Энхмандах: Би том болоод “Ганнам Северанс” эмнэлгийн ЭМЧ БОЛНО

Админ | Zindaa.mn
2023 оны 12 сарын 18

БНСУ-ын Ганнам дүүргээс “Charity Project Medical Gangnam 2023” төслийг санаачлан Монголд эмчлүүлэх боломжгүй, төрөлхийн өвчний оноштой хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн билээ. Уг эмчилгээнд Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч 14 настай, төрөлхийн баруун чихний хөгжил дутуу "microtia" өвчний оноштой малчин айлын охин Д.Энхмандах сонгогдон Ганнам дүүрэгт эмчилгээнд хамрагдсан юм. Д.Энхмандах охинд Ганнам дүүргийн шилдэг эмнэлэг “Ганнам Северанс”-аас хоёр үе шаттай хагалгаа хийсэн ба өнгөрөгч долдугаар сарын 26-нд эхний хагалгаа болох чихний нөхөн сэргээх мэс засал, арваннэгдүгээр сарын 22-нд хоёр дахь хагалгаа болох чихний өнцөг гаргах, чихний дэлбээ босгох, арьс нөхөх ажилбар хийгдэж амжилттай болсон юм.

Д.Энхмандах охин “Ганнам Северанс” эмнэлэгт хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаад энэ арванхоёрдугаар сарын 13-нд эх орондоо ирэхэд нь уулзаж, дараах ярилцлагыг авснаа хүргэе.


-Сайн байна уу, хангалгаа амжилттай болсонд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад дахин танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Д.Энхмандах гэдэг. Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч. Жирийн нэгэн малчин айлын охин байна. Гэхдээ надад нэгэн сайхан зүйл тохиолдсон. Тэр бол Ганнам дүүргээс санаачлан хэрэгжүүлсэн “Эмчилгээний тусламж үйлчилгээг хуваалцах” төсөлд хамрагдаж хоёр  удаагийн хагалгаанд орж, гоё чихтэй болсон явдал. Би төрөхдөө л баруун чихний дутуу хөгжил гэх оноштой байсан юм. Төрснөөсөө хойш Эх нялхасын эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг байсан. Гэтэл Ганнам дүүргээс төсөл санаачилж, Монгол Улсын ЭМЯ-д санал хүргүүлснээр байнгын хяналтад байсан 70 гаруй хүүхдээс миний нэрийг Солонгос руу явуулсан. Энэ бол миний ирээдүйд асар том өөрчлөлт авчирсан эмчилгээ гэж би бодож, баярлаж байна. Учир нь би багаасаа бага зэрэг гадуурхагддаг байсан. Харин одоо би гоё чихтэй болсон. Өөртөө итгэлтэйгээр амьдралыг туулах боломжтой боллоо. Хагалгааны үр дүнд миний харах өнцөг өөрчлөгдөж, илүү баяр хөөртэйгөөр алхах болсон.

-Хэдийгээр хоёр удаагийн хагалгааны дараа гоё чихтэй болсон ч анх хагалгаанд ороход айж байсан уу?

-Анх хагалгаанд орохоор Солонгос Улсыг зорих мэдээ дуулахаад баярлаж байсан ч бас санаа зовж байлаа. Солонгосын талаар сайн мэдэхгүй, бас хагалгаанд орно гэж бодохоор айж байсан. Тэгээд ээжийнхээ хамт Инчоны онгоцны буудал дээр буухад сайхан найрсаг хүмүүс тосон авч, зөвхөн миний төлөө хичээн ажиллаж, надад анхаарал тавьж байгааг хараад баярласан. “Аан солонгосууд ийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг байх нь” гэж бодсон. Тэр хүмүүсийн хайрыг мэдэрсэн болохоор эхний хагалгаандаа зоригтой орсон. Гэхдээ эхний хагалгаа бага зэрэг хүнд болсон. Учир нь эхний удаад зөвхөн чихний нөхөн сэргээх мэс засал хийх байсан боловч миний хамар таславчийн муруйлттай байсан болохоор чих, хамар хоолойн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр давхар хамрын хагалгаа хийсэн юм. Ингэж тооцоолоогүй хагалгаа нэмэгдэж би гурав хоног хамраараа амьсгалж болохгүй байсан болохоор хэцүү байсан. Гэхдээ сайн эмч нарынхаа ачаар хурдан эдгэрсэн. Одоо тэр хүнд үеийг даван туулсан болохоор төдийлөн хэцүү санагдахаа больсон байна.

Хоёр дахь удаагийн хагалгаанд орохоор Солонгост очихдоо хавь илүү туршлагатай болсон байсан. Надад ямар ч айдас байгаагүй. Яагаад гэвэл би сайхан сэтгэлтэй хүмүүс дээр очиж байгаа учраас айх шаардлага байгаагүй. Сэтгэлзүй сайтай байсан болохоор хагалгаа маань ч үр дүнтэй болсон. Хоёр дахь хагалгаагаар чихний өнцөг гаргах, чихний дэлбээг босгох, арьс нөхөх ажилбар хийгдсэн. Одоо чих маань бага зэргийн хавдартай байгаа. Удахгүй боолтоо аваад чихээ гаргаад явах боломжтой болно.

-Эх орондоо ирээд хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байсан бэ?

-Найзуудтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Найзууд маань Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явахын өмнөхөн бяцхан үдэшлэг зохиож өөрсдөдөө байсан мөнгөө цуглуулан надад өгч амжилт хүсч байсан. Тэр сэтгэлийнх нь хүчээр би эрүүл сайхан болоод эргээд ирлээ. Тухайн үед найзууддаа маш их баярлаж, би уйлж, сэтгэл хөдөлсөн. Одоо найзууддаа гоё болсноо харуулмаар байна. Би найзуудаа баярлуулахын тулд Монголд ирснээ хэлээгүй байгаа. Гэнэт яваад очиход найзууд маань их баярлах байх. Бас аавтайгаа хурдан уулзмаар байна. Аав минь хүйтэн өвөл их удаан ганцаараа байлаа.

-Чи өмнө нь “Гоё чихтэй болоод үсээ боож үзмээр байна” гэж хэлж байсан. Тэр мөрөөдөл чинь биелэх боломжтой боллоо шүү дээ?

-Найзуудтайгаа уулзахдаа гоё болсноо бүрэн харуулж амжихгүй бололтой. Учир нь чихний маань хавдар бүрэн арилаагүй байгаа. Бас үснээс минь бага зэрэг авсан. Тиймээс хүлээх хэрэгтэй болох нь. Ямар ч байсан үсээ урт ургуулаад боогоод явна гэж бодохоор сайхан байна.

-Ирээдүйнхээ хүсэл мөрөөдлийн талаар хуваалцахгүй юу?

-Ганнам дүүргээс санаачилсан үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдаж, Солонгосын сайхан сэтгэлтэй хүмүүсийн хайрыг мэдэрсэн болохоор би бусдад мөн хайр түгээхийг хүсч байна. Тиймээс би ирээдүйд эмч болно. Түүнийгээ ч “Ганнам Северанс”-ийн  эмнэлгийн эмч нартаа хэлж, зөвлөгөө авсан. Миний хагалгааг хариуцаж ажилласан “Ганнам Северанс” эмнэлгийн Гоо сайхны мэс заслын тасгийн эмч, профессор Юн Ин Шиг намайг дэмжиж өөрийн сурч, төгссөн “Ёнсэ” их сургуулийн дүрэмт хувцсыг бэлэглэсэн. Юн Ин Шиг эмч “Ирээдүйд сайн эмч болохын тулд сайн сургуульд сурах ёстой. Тиймээс заавал “Ёнсэ” их сургуульд ирж суралцаарай. Тэгээд “Ганнам Северанс” эмнэлэгтээ ирж ажиллаарай” гэж захисан. Намайг гоё болоход тусалсан “Ганнам Северанс” эмнэлэгт ажиллах боломж олдох юм бол би баяртай байх болно. Би эмчлүүлэх хугацаандаа “Ганнам Северанс” эмнэлэгийг “Ёнсэ” их сургуулийн эрүүл мэндийн төв "Yonsei University Health System" болон 1983 онд байгуулагдсан Ганнамын шилдэг эмнэлэг гэдгийг мэдэж авсан.

-Солонгост хоёр удаа очиж, эмчилгээ хийлгэлээ. Солонгос орон ямар санагдсан бэ?

-Солонгос орны хамгийн таалагдсан зүйл нь сайхан сэтгэлтэй хүмүүс амьдардаг нь таалагдсан. Юн Ин Шиг эмч надтай чацуу охинтой юм билээ. Охиноо надтай танилцуулсан нь сайхан санагдсан. Солонгос хүүхдүүд хичээлдээ сайн, хөөрхөн санагдсан. Бас ичимхий юм шиг санагдсан. Би Солонгост байх хугацаандаа солонгос хоолонд дассан байна. Солонгосын бүх хоол амттай. Амттай хоол идээд, сайхан сэтгэлтэй хүмүүстэй хамт Солонгос оронд амьдраад байж болмоор санагдсан шүү. Үлдчихмээр л байлаа. Гэхдээ надад эмч болох зорилго байгаа. Хичээлдээ шамдаж байгаад Солонгос Улсад дахин очиж, “Ёнсэ” их сургуульд эмчээр суралцаад “Ганнам Северанс” эмнэлгийн эмч болохын төлөө хичээх болно.

Миний мөрөөдлийг хурцалж, надад ирээдүйгээ сайхнаар төсөөлөх боломж олгосон сайхан сэтгэлтэй хүмүүст баярласнаа хэлмээр байна. Хамгийн тэргүүнд онгоцны буудлаас эхлэн тосон авч, асарч халамжилсан Ганнам дүүргийн хамт олонд баярлалаа. Миний эмчилгээг дээд зэргээр хийсэн “Ганнам Северанс” эмнэлгийн чадварлаг эмч, сувилагч нартаа баярлалаа. Ялангуяа Гоо сайхны мэс заслын тасгийн эмч, профессор Юн Ин Шиг-т чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Эмч маань харахад том биетэй ширүүн юм шиг санагдсан ч сайхан сэтгэлтэй, надад чин сэтгэлээсээ хандаж байсан. Намайг гэр бүлтэйгээ танилцуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөсөнд гүнээ талархаж байна. Мөн эрүүл мэндийн аялал жуулчлалын “Ибүүкерс Кореа” компанийн ах, эгч нартаа, орчуулагч нартаа баярлалаа. Та бүхэн миний ирээдүйг өөрчилсөн хүмүүс юм шүү. Та бүхэнтэй би амьдралынхаа туршид холбоотой байхыг хүсч байна. Тиймээс дараагийн удаа би эмч болоод та бүхэнтэй уулзах болно, баярлалаа.


Уншигч та “Ганнам Северанс” эмнэлэгтэй холбоо барихыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.

Gangnam Medical Tour Center

  • Tel : +82-1661-2230
  • E-mail : medicaltour.gangnam@gmail.comz
  • Homepage : http://medicaltour.gangnam.go.kr 
  • http://www.facebook.com/gangnammedicaltourcenter

 *   *   *

Gangnam Severance Hospital

  • International Health Care Center
  • Tel : 82-2-2019-3600 (Korean, English only)
  • E-mail : gnseverance2@yuhs.ac
  • Homepage : gs.severance.healthcare/gs-en

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.127.168) 2023 оны 12 сарын 18

2 жилийн өмнө энэ эмнэлэгт зүрхний хагалгаанд орж байлаа. гол судас болон 2 титэм судас солиулсан. Ачтай буянтай эмнэлгитйнхээ зургийг харахад ч сайхан байна шүү. Охин чамд сайн сайхныг хүсье

0  |  0
Top