Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар болон Монгол Улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ОХУ-д шатахууны асуудлаар улирал бүр зохион байгуулдаг ээлжит уулзалтад оролцжээ.
Уулзалтын үр дүнгийн талаар АМГТГ-аас мэдээлэл хийв.
АМГТГ-ын дарга Л.Баярмандал мэдээлэлдээ "Монголын талаас Төрийн байгууллага, ААН-үүдийн төлөөлөл ОХУ-д ажиллаж ирэх 2024 оны нэгдүгээр улирлын хангамж, шатахуун нийлүүлэлтийн асуудлыг тохиролцлоо.
2023 оны арванхоёрдугаар сарын 16-20-ны өдрүүдэд нефть импортлогч компаниуд болох Петровис, Шунхлай, Сод Монгол, Газ Ойл нефть, Тэс Петролиум, Монсуль компанийн гүйцэтгэх удирдлагууд болон УУХҮЯ, АМГТ-ын төлөөлөл ОХУ-д ажилласан.
ОХУ-ын талаас Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд А.А.Козлов, Эрчим хүчний дэд сайд, Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн тээвэр хариуцсан орлогч дарга болон Роснефть, Газпром зэрэг компаниудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар тохиролцоонд хүрсэн гол асуудал гэвэл 2024 оны эхний улиралд сар бүр 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ92 авто бензинийг худалдан авах захиалга өгч, ОХУ-ын тал үүнийг бүрэн нийлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Монгол Улс сар бүр 110 мянган тонн дизель түлш, 55 мянган тонн бензин хэрэглэж байна.
Одоогоор нийлүүлж байгаа хангамжийг илүү сайжруулах, нөөцөө бүрдүүлэх зорилготойгоор нэмэлт захиалгууд өгч баталгаажуулсан" гэсэн юм.
Тэрбээр "ОХУ-ын шатахуун компаниудын дотроос Роснефть компани манай улсын нийт шатахуун түлшний 70 гаруй хувийг нийлүүлдэг, үлдсэн хувийг бусад компаниас авдаг. Эдгээр компаниудын сард үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээнд тулгуурлаж, Монголын талаас захиалга өгсөн, хүссэн хэмжээнд нь нийлүүлж чадна гэдгээ илэрхийлсэн тэд илэрхийлсэн. Оросын төмөр замын зүгээс хоёр талын худалдаа хийж байгаа ААН-үүд гэрээгээ хийгээд тоо хэмжээгээ баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн график гарган бүрэн шийднэ. Ямар нэгэн сааталгүй явуулна гэдгээ мэдэгдлээ.
ОХУ-ын Сибирийн хойд талаар их хүйтэрч байгаатай холбоотойгоор хэрэглээ нэмэгдсэн. ОХУ-ын эдийн засаг зүүн тийш тэлж байгаа учраас нүүрсний экспорт маш их нэмэгдсэн юм байна. Гэхдээ Монгол Улс руу тээвэрлэх графикийг асуудалгүй шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн" гэлээ.
Д.ОЮУН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )