ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэрийн орчинд түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах уриаллаа.
Тэрбээр “Хүйтний улиралд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл нэмэгдэж байна. Мөн хөлдөлт нэмэгдэж, дөрөв хоног амрахтай холбоотойгоор иргэд агаар салхинд гарч, зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Хүүхдүүд гэр орондоо удаан байхтай холбоотойгоор гэмтлийн тоо мөн нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.
Цас, мөсөн дээр халтирч гэмтэж байгаа хүмүүс нь бага насны хүүхэд болон өндөр настнууд байгаа аж. Мөн хүмүүс архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, осол гэмтэлд өртөх тохиолдол их байна.
Сургууль, цэцэрлэг амрахтай холбоотойгоор хүүхдүүд гэр орондоо түлэгдэлтэд өртөх, гутал хувцасгүйгээр гадагш гарч осгох тохиолдол нэмэгдэж байгааг мөн анхааруулсан юм. Ямар ч тохиолдолд гэртээ дур мэдэн эмчилгээ хийж өвчнийг хүндрүүлэхгүй байхад анхаарч, эмнэлэгт хандаж тусламж авахыг мөн уриаллаа.
Түүнчлэн иргэд хол замд зорчихдоо машин тэрэгнийхээ бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслахгүй бол осол, хөлдөлтөд өртөж амь насаа алдах тохиолдол гарч байна.
ГССҮТ нь энэ сарын 31-нд амбулатороор тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэд заавал 3, 4 дүгээр хорооллын эцэс рүү явалгүйгээр хотын төвд байгаа ГССҮТ-ийн салбар эмнэлгээс тусламж үйлчилгээ авах боломж нээгдсэн байна. ГССҮТ-ийн 11 дүгээр хороолол дахь салбар эмнэлэг нь 24 цагаар ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )