ДУБАЙ | 50 компани хүлэмжийн хийг нэмж ялгаруулахаа зогсоохоо амлалаа

2023 оны 12 сарын 29

УУР АМЬСГАЛЫН АСУУДЛААР ДУБАЙД ЧУУЛЛАА

Уур амьсгалын асуудлаарх 28 дахь удаагийн НҮБ-ын бага хурал COP-28  Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо боллоо. Уур амьсгалын асуудлаарх дэлхийн хамгийн том чуулганд 140 гаруй орны төрийн тэргүүн, удирдагч нар болон улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүд уригдсан бөгөөд манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. НҮБ-ын бага чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Энэ удаагийн чуулган бол ирээдүйг аврах итгэл найдвар байх ёстой” хэмээн онцоллоо. Тэрбээр улс орны тэргүүнүүдэд хандан бидэнд манлайлал, хамтын ажиллагаа, улс төрийн хүсэл зориг хэрэгтэй байна. Мөн цаг уурын нөхцөл байдал биднээс шударга ёсыг шаардаж байгааг та бид харж байна" гэв.

Энэ удаагийн чуулганд оролцсон улс орны удирдагч нар үр дүнд чухалчилсан, хамгийн гол асуудал болох санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд түлхүү анхаарч байлаа. 2015 онд улс орнууд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг батлан гаргаж байсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой үр дүнд хүрэхээ баталгаажуулсан байдаг. Энэхүү Парисын хэлэлцээрийн дагуу 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалт бий. COP-28-д оролцсон зарим орны төрийн тэргүүнүүд чуулганы хоёр дахь өдөр цөмийн эрчим хүчийг дэмжсэн томоохон тунхаглалд гарын үсэг зурлаа.

Атомын цахилгаан станцтай Их Британи, Унгар, Канад, Нидерланд, АНЭУ, Польш, АНУ, Украин, Финланд, Франц, Швед, Өмнөд Солонгос, Япон зэрэг 22 улсын удирдагчид дээрх тунхаглалд нэгдсэн.  Улс орны удирдагчид “Triple Nuclear Energy” тунхаглалд гарын үсэг зурснаар 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилтод нэгдэж буй юм. Улс орны удирдлагуудаас гадна газрын тосны салбарын “акул”-ууд энэ чуулганд томоохон үүрэгтэй оролцлоо.

Арабын ертөнц, газрын тосны салбарыг салгаж ойлгох боломжгүйг баталж, АНЭУ-д зохион байгуулагдсан COP-28-ын томоохон зорилт болсон дэлхийн дулаарлын эсрэг газрын тосны компаниуд хамтрахаа амлалаа. Саудын Арабын “Aramco” зэрэг газрын тос, байгалийн хийн 50 компани 2050 он гэхэд дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг нэмж ялгаруулахаа зогсоохоо амлав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top