Удахгүй УИХ-ын сонгууль болно. Урьд өмнөхөөс тогтолцооны хувьд огт өөр тийм сонгууль. Нийт 126 гишүүнтэй шинэ парламентын 78-ыг бүсчилсэн том тойргоос мажоритар системээр, 48-ыг пропорциональ системээр буюу намын жагсаалтаар оруулж ирнэ. Сонгууль дөхөөд ирэхээр л тогтолцоогоо сольдог нь манайд гэм биш зан. УИХ-ыг анх байгуулсан 1992 оноос эхлэн тооцвол өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зургаан ч удаа шинэчилжээ.
Сонгуулийн хуулиа өөрчлөн шинэчлэх тоолондоо сонгуулийнхаа тогтолцоог сольж туршдаг уламжлалтай болсон. Томсгосон тойрог бүхий мажоритар, багасгасан тойрог бүхий мажоритар, 2012 онд бол мажоритар, пропорциональ хосолсон холимог системээр сонгууль явуулж байсан бол энэ удаа холимог тогтолцоон дээрээ нэмээд мажоритар хэсэг дээр нь бүсчилсэн хэмээх томын том тойрог оруулаад ирлээ.
Тухайн үедээ эрх барьж байгаа улс төрийн нам, тэдний улстөрчид өөрт ээлтэй, тохиромжтой гэх хувилбараар Сонгуулийн хуулийг бантагнуулан тоглосны балгаар Монголд сонгуулийн тогтолцоо тогтворгүй болсон. Энэ нь араасаа юуг дагуулдаг гээч. Үүний уршгаар Монгол Улсад улс төрийн тогтсон соёл гэх зүйл өнгөрсөн 32 жилд бүрдсэнгүй. Түүнийгээ дагаад сонгогчийн боловсрол байхгүй. Ямар сайндаа л нааш харж уут гурил, атга будаа, хоолны мөнгө сарвайсныг сайн хүн гэж сонгосоор өдийг хүрлээ. Ерөөсөө л улс төрийн соёл бүрдээгүйн уршгаар улс орны амьдралын дөрвөн жилийн сайн мууг ганц хоногийн хоолны мөнгөөр золиослодог “зарчим” үүсчихсэн.
Эрх барьж буй улс төрийн хүчин өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн, сонгуульд дахин ялж эрх барихын төлөө сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хуульд өөрчлөлт оруулна гэдэг бол улс төрийн ашиг сонирхлын хамгийн том зөрчил гэж хэлж болно. Уг нь хуучин цагт сонгууль болоход нэг жил үлдсэн тохиолдолд Сонгуулийн хуульд гар хүрэхгүй гэсэн зарчим байсан нь одоо нэгэнт “ул” болжээ.
Ихэнхдээ мажоритар хувилбарыг томсгосон, багасгасан тойргоор хэрэглэж байсан эрх баригчид энэ удаа бүсчилсэн гэх бүр томын том мажоритар тогтолцоог сонгож авлаа. Аймаг алгасаж, дүүрэг тэлсэн энэ тогтолцоогоор хэн олны танил, хэн сүйхээтэй, хэн бэлтэй нь л дийлж гарна уу гэхээс биш, шинэ залуучууд, эмэгтэйчүүд, жижиг намын төлөөлөл, бие даагчдад ээлтэй байж чадахгүй. Жагсаалтад найдна уу гэхээс эдгээр “эмзэг” төлөөлөл УИХ-ын 126 гишүүн дунд багтахад хэцүү.
Энэ бужигнаан дунд хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сонгогчид маш хэрсүү ажиллах цаг ирж байна. Аль эрх мэдэлтэй нь одооноос аймаг, сум дамжаад сонгогчдын дунд ажиллаад, залуусыг хөөргөөд, хүүхдүүдийг өхөөрдөөд, ахмадуудыг халамжлаад эхэлсэн. Зудыг далимдуулан улстөрчид “зоолж” тусламж нэрээр “санал гуйх” технологио хэрэгжүүлээд авсан. Тэр залимаар баахан сошиалчид дагуулж, малилзтал инээсэн зургуудаараа “бөмбөгдөөд” эхэллээ.
Сонгууль дөхсөн эгзэгтэй үед сэтгүүлчид сонгогчдод зөв сонголт хийхэд туслах үүрэгтэй хэмээн үздэг. Тэр үүднээс телевизүүд улстөрчдийн мэтгэлцээн, халз ярилцлага, нэр дэвшигчдийн хөтөлбөр, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн нэвтрүүлгүүд явуулах нь сонгогчид тухайн тойрогт нэр дэвшигч болоод жагсаалтаар орж ирэх намуудын дэвшүүлсэн үзэл баримтлал, хийх ажлуудыг ойлгож авахад дэмтэй.
Уншигч, сонсогч та тун удахгүй “Төрийн төлөө зүтгэхээр заяагдсан хүн”, “Жинхэнэ төрийн хар хүн”, “Монголын төр яг энэ хүнээр дутна”, “Шударга үнэний туйл болсон энэ нэр дэвшигчийг сонгоё”, “Нэр цэвэр эрхэм” гэх зэрэг үгэнд бялуурах болно.
Хэдхэн жилийн өмнө гэхэд “С.Зоригийг хөнөөсөн алуурчныг баттай илрүүлнэ”, “Би нэр цэвэр, гар цэвэр, үйлс цэвэр улстөрч” гэсэн үгэнд л сонгогчид итгээд саналаа өгөхөөр хуйлардаг байлаа шүү дээ. Гэтэл 100 хувь нэр, гар цэвэр улстөрч гэж өнгөрсөн 30 гаруй жилд төрсөнгүй, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн этгээд ч 26 жилийн дотор олдсонгүй. Гагцхүү сонгогдсон улстөрч л хэдэн жил УИХ-ын гишүүний бүрэн эрх дор булдаж, төрийн мөнгөөр туйлж, эрх мэдэлдээ дулдуйдан санасан хэргээ бүтээж авснаас биш, сайхан үгэнд хууртсан иргэдийн аж амьдрал нэг буурин дээрээ эргэлдсээр өдийг хүрлээ.
Тиймээс хэвлэл, мэдээллийн байгууллага ч, сонгогчид ч одоо хэрсүү байх учиртай болсон. Бас нэг зүйл бол улс төрийн нам болгон их бага гэлтгүй бүгд дэргэдээ хэвлэлийн алба байгуулсан. Тэдгээр нь намаа болоод нэр дэвшигчдээ бүлтэртэл магтсан ярилцлага, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, сонинд нийтэлж, телевизийн дэлгэцэнд цацахад бэлэн болгоод мөнгийг нь төлөөд л гаргуулдаг, зарим нь үнэгүй гаргахыг үүрэгддэг байдалтай болсон. Одоо үүнээс хэвлэлүүд татгалзаж эхэлсэн.
Мэргэжлийн редакциуд өөрсдийн бодлогоор, баримттайгаар нэр дэвшигчдийг танилцуулж, сонгуулийн сурталчилгааг ил тод, шударга мэдээлэхэд анхаарал хандуулдаг болж ирлээ. Үүнийг уншигчид ч ялгаж, салгаж, мэдээллээ аль редакциас авах вэ гэдгээ сонгож, уншдаг уншигчийн боловсрол дээшилсээр байгаа.
Сошиал орчныг хэвлэл, мэдээлэлтэй, сошиалчдыг сэтгүүлчидтэй андуурч эндүүрдэг тал уншигч, хэрэглэгчдийн дунд газар авсан. Сонгуульд энэ байдал ч багагүй уршиг дагуулна. Санаатай, санаагүй будилуулна, нэг тойрогт нэр дэвшигчдийн дунд хар хор хаяна. Түүгээр үл барам, олон ястны өлгий нутгуудад ястан хооронд хэрүүлийн алим чулуудахаас ч буцахгүй. Олон дагагчтай биедээ эрдсэн нөхөд нэр дэвшигчдийн захиалгаар элдэв зүйл хутгах ч энүүхэнд.
Энэ жилийн трэнд сэдэв бол “Авлигатай тэмцэх”, “УИХ дахь хулгайчдыг илчлэх”, “Цэвэр ариун төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх” зэрэг “төрд үүрлэсэн хэрэгтнүүдийг илрүүлэх”-эд чиглэсэн сэдэвтэй байх төлөвтэй. Энэ дээр дөрөөлж өрсөлдөгчөө харлуулах, аль нэг авлигын ч юм уу хэрэг төвөгт хамааралгүй байсан ч холбож хамаатуулах зэрэг арга мэх байж болно. Үүнийг олон сошиал хаягаар сэвээд эхлэхээр сонгогчийн санаа бодол түүнд автаж, тархи нь “угаагдаж” “шударга” талыг барьж сонголтоо хийхээр зүтгэж, үр хүүхэд, ач гучаа тийш чиглүүлэхээр улайрч эхлэх нь гарцаагүй.
Манайхан туйлшрахдаа гарамгай юм хойно, олон давтан хэлсэн нэгний үгэнд итгэж мөнөөх л хэдэн жилийн өмнөх “Зоригийн хэргийг илрүүлээд өгнө” гэсэн бүхэнд итгэж саналаа харамгүй өгдөгтэй ижил зүйл болно. Гэвч “Шударга үнэн”, “Эх орондоо хайртай” гэсэн багийн цаана тэс өөр үзэлтэн сууж байдгийг таньж, хашрах нэг нь хаширсан байлгүй дээ.
Тэр бүрд автаж намирахгүй найдвартай мэдээллийн бааз суурь болж чадах хэрэгсэл нь мэргэжлийн редакциуд, өргөн нэвтрүүлгийн телевиз, тогтмол хэвлэлүүд байх болно гэдэг нь цаг хугацааны явцад ус, тос шиг ялгарсаар байна.
Сонгогчид булхайтай үгэнд итгэж, буруу сонголт хийхгүй гэвэл тулхтай мэдээллийн хэрэгслүүдийн үгийг сонсох учиртай болж байгааг бас хэлэх ёстой. Сонгуулийн PR сошиалаас нүүж байгаа шүү.
Сэтгэгдэл ( 1 )
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav