УОК: Голын мөсөн дээгүүр тээвэр хийх, зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

Хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ.

Аймаг, сумын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын зүгээс 83114 малчин өрхөд өвс, 87487 малчин өрхөд тэжээл, 5332 малчин өрхөд хоол хүнсний дэмжлэг, 5286 малчин өрхөд түлээ, түлшний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Нийт нутгийн хэмжээнд дулаарч байгаатай холбогдуулан гол, нуурын мөсөн бүрхүүл нимгэрч байгаа тул мөсөн дээр зорчих, тээвэр хийх аюултай нөхцөл үүсээд байна. 2024 он гарсаар мөсөн дээгүүр зорчиж байгаад цөмөрсөн 15 удаагийн тохиолдол бүртгэгдэж, дуудлага мэдээллийн дагуу нутгийн онцгой байдлын алба хаагчид 30 иргэн, 14 тээврийн хэрэгслийн орон аюулгүй байдлыг хангах ажиллагааг зохион байгуулжээ.

Тиймээс гол, мөрний мөсөн дээгүүр тээвэр хийх, зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ жил цас их хэмжээгээр орсны улмаас шар усны үерийн эрсдэл улсын хэмжээнд өндөр байгаа. Эрсдэлийн үнэлгээгээр, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгууд буюу 21 аймгийн 36 хувь нь маш их эрсдэлтэй, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Увс аймаг буюу 21 хувь их эрсдэлтэй, бусад аймгуудад дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гараад байна. 2024 он гарсаар Улсын онгоц байдлын газарт нийслэлийн есөн дүүрэг, есөн аймагт голын халианы усанд автсан дөрөв, гүний болон орчны шар усанд автсан 46 тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн шөнө л гэхэд Баянзүрх дүүргийн нутагт нэг, Сүхбаатар дүүрэгт нэг, Налайх дүүрэгт нэг, орон нутагт нэг шар усны үерт автсан дуудлага ирж, газар дээр нь зохиох арга хэмжээ авсан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд шар усны үерийн мэдээллийн 59 дуудлага бүртгэгдэж, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг холбогдох арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top