УОК: Малчин өрхүүдэд нийт 4,3 тэрбум төгрөгийн тусламж үзүүлээд байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

Монгол Улсад зудын гамшиг тохиож, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэд хандив, тусламж үзүүлсээр байна.

Гуравдугаар сарын 25-ны байдлаар, 50 иргэн, 31 аж ахуйн нэгж, 91 төрийн байгууллага, 29 төрийн бус байгууллага, гадаадын хоёр байгууллага нийт гурван тэрбум 570 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст бэлэн мөнгөний хэлбэрээр, зургаан иргэн, 29 байгууллагын нийт 828 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 74 мянга гаруй ширхэг бараа материалын, нийт 4,3 тэрбум төгрөгийн хандив тусламжийг үзүүлээд байна.

Хандив тусламжийн зарцуулалтын тухай мэдээллийн Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулж байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад олон улсын хүмүүнлэгийн багууд ажиллаж байна. Эдгээр нь нийт 3,6 сая ам.долларын санхүүжилт босгож, долоон аймгийн давхардсан тоогоор 174 мянга гаруй малчин өрхөд тэжээл, бэлэн мөнгө, эрүүл мэндийн багц зэрэг тусламж дэмжлэгийг үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top