2024 оны төсвийн төсөлд туссан болон батлагдсан хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн өөрчлөлтийг ШУТИС-ийн багш, судлаач Т.Тамир судалжээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд туссан нийт 1049 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 52.6 хувь буюу 552 нь шилжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламж байсан. Эдгээрийн 2024 оны төсөвт өртөг 5.1 их наяд төгрөг, 2024 онд санхүүжүүлэх дүн 1.58 их наяд төгрөг байсан. Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд 552 шилжих төсөл туссан бол төслийн тухай Монгол Улсын хуульд 63 шилжих төсөл нэмэгдэж, 9 шилжих төсөл хасагдсантай холбоотойгоор нийт 606 шилжих төсөл батлагджээ.
Эдгээрийн 2024 оны нийт төсөвт өртөг 5.6 их наяд төгрөг, 2024 онд санхүүжүүлэх дүн 1.52 их наяд төгрөг байна. Төслүүдийн нийт төсөвт өртөг 500 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Төсвийн төсөлтэй харьцуулахад барилга байгууламж 50 шилжих төслөөр, их засвар 4 шилжих төслөөр, тоног төхөөрөмж 1 шилжих төслөөр тус тус өссөн бол техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 1 шилжих төслөөр буурч батлагджээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар батлагдсан, хөрөнгө оруулалтын шилжих төслийн 91.7 хувийг барилга, байгууламж, 4.2 хувийг их засвар, 3.6 хувийг тоног төхөөрөмж, 0.5 хувийг ТЭЗҮ эзэлж байна. Хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хотод хамгийн олон буюу 192 төслийг санхүүжүүлж байгаа бол Дорноговь аймагт хамгийн бага буюу 1 төслийг санхүүжүүлж байна.
Дорноговь аймагт байршилтай 700 хүний суудалтай театрын барилгын төсөл 2021 онд эхэлсэн, 9.5 тэрбум төгрөгийн анхны төсөвт өртөгтэй байсан бол 2024 оны төсөвт өртөг нь 18.5 тэрбум төгрөг болж өсчээ. Уг төсөлд 2024 онд 7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
Улаанбаатар хотод хамгийн олон төсөл буюу 192 шилжих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад 97 төсөл, Барилга, хот байгуулалтын сайдын багцад 34 төсөл, Эрүүл мэндийн сайдын багцад 16 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 1 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь Соёлын сайдын багц дахь 700 суудалтай “Саран хөхөө” театрын барилга байна.
Улаанбаатар хотоос гадна, хамгийн олон төсөл, арга хэмжээ, барилга байгууламжтай, хамгийн өндөр төсөвт өртөг, санхүүжилттэй аймгуудыг Төв, Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Ховд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Увс аймгууд тэргүүлж буй юм.
Үүнээс гадна, “Улсын хэмжээнд” гэсэн тодотголтой буюу байршил тодорхойгүй 11 төсөл, арга хэмжээ, барилга байгууламж байна.
Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын шилжих төслийн 2024 оны төсөвт өртгийн 37.1 хувь нь Сангийн сайдын багцад, 49.5 хувь Барилга, хот байгуулалтын сайдын багцад, 13.4 хувь нь бусад төслийн ерөнхийлөн захирагч нарт хамаарч байна.
Монгол Улсын 2024 оны төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын шилжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 2024 оны төсөвт өртгийн 25 хувь Боловсрол, шинжлэх ухааны сайдад, 21.6 хувь Зам, тээврийн хөгжлийн сайдад, 12.9 хувь Барилга, хот байгуулалтын сайдад, 7.6 хувь Эрчим хүчний сайдад, 7.4 хувь Соёлын сайдад, үлдсэн 18.9 хувь бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт оногдож байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад хамгийн их буюу 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй шилжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламж оногджээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын багц дахь шилжих төслийн төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг, Барилга хот байгуулалтын сайдын багц дахь шилжих төслийн төсөвт өртөг 0.7 их наяд төгрөг байна.
2024 оны төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтын шилжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 2024 оны төсөвт өртөг төсвийн төсөлд туссан дүнгээс өсчээ.
Хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн нийт төсөвт өртгийн дүнгээр Боловсрол, шинжлэх ухааны сайд тэргүүлж буй бөгөөд 269 төслийн 251 нь сургууль, цэцэрлэгийн барилга барих, засварлах төсөл байна.
Зам тээврийн сайдын багцын 40 төслийн 38 нь авто зам, нисэх буудлын төсөл, Барилга, хот байгуулалтын сайдын 81 төслийн 48 нь дэд бүтцийн төсөл, Эрчим хүчний сайдын 20 төслийн 15 нь дэд бүтцийн төсөл, Соёлын сайдын 42 төслийн 40 нь музей, номын сан, соёл урлагийн байгууллагын барилгын төсөл байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )