ЭМХТ: Хөх хотын сургалтад 23 их эмч, 33 багийн бага эмч хамрагдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 25

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/199 дүгээр тушаалаар сувилагч, бага эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.

Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын  Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан технологийн газрын дэмжлэгтэйгээр Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа багийн бага эмч нарын ур чадварыг дээшлүүлэх эхний ээлжийн сургалт болон Монголын уламжлалт анагаах ухааны их эмч нарын олон улсын сургалт энэ сарын 17-нд эхэлсэн. ӨМӨЗО-ы Хөх хотод ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх  сургалтад Монголын уламжлалт анагаах ухааны 23 их эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй багийн 33 бага эмчийг хамруулж байгаа юм.

Сургалтын нээлтэд ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан технологийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ши Гуаншю, Эрүүл мэндийн хорооны Хятадын уламжлалт анагаах ухааны өв залгамжлал, хөгжлийн хэлтсийн дарга Хай Шиа, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны сургуулийн декан Бао Хашён, Эрүүл мэндийн комиссын Хятадын Уламжлалт анагаахын хөгжлийн хэлтсийн дарга Билгээ, Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн намын хорооны дэд дарга Жан Хурц болон манай талаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Дондогмаа нар оролцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт явуулахаас гадна Монгол эмнэлгийн хорооны эмч нарын бүрэлдэхүүн манай улсад ирж иргэдэд үзлэг оношилгоо хийж, эмчилгээнд хамруулах ажлыг тасралтгүй зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа билээ.

Онол, дадлага хосолсон уг сургалтаар эмч нар ӨМӨЗО-ы соёл уламжлал, ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэдгээрийн онцлогтой танилцаж,  дадлагад суурилсан эмнэл зүйн ур чадвар, мэдлэг хандлагаа дээшлүүлж байна.

Ингэснээр дэлхий нийтээрээ эрүүл хүнс, эрүүл орчинг дээдлэн хүнд ээлтэй, хор хөнөөлгүй байгалийн гаралтай эм, уламжлалт эмчилгээг сонирхон судлах боломж бүрдэх төдийгүй Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  


 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад настан(103.168.34.94) 2024 оны 05 сарын 25

Зиа ингээд Хятадруу бөөнөөрөө....

0  |  0
Top