Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж 2024 оны тавдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох, үйл ажиллагааны баталгаа болон баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хуулийн төслийн зорилго чиглэж байгааг тэрбээр танилцуулав. 

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангуулах, төсвийн холбогдох шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны 7 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Улсын Их Хурлаас томилогдон ажиллаж байна. Одоогоор зөвлөлийн төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл тодорхойгүй учир Улсын Их Хурлаас томилогддог зөвлөл, хороо, ижил түвшний төрийн байгууллагатай адилтгаж төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн захиргааны адилтгах албан тушаалд хамааруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Иймд зөвлөлийн дарга, гишүүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны болон нийгмийн баталгааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нарийвчлан тусгах бодит хэрэгцээ шаардлага бий болсон гэлээ. Ингэснээр зөвлөлийн үйл ажиллагаа бие даасан, хараат бус, ил тод, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтад тусгасан “өнөөгийн үнэ цэнээр” гэснийг “нэрлэсэн үнээр” гэж өөрчилсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байх үед буюу 2010 онд Монгол Улс бага орлоготой орны тоонд багтаж Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй, урт хугацаатай зээл (хугацаа 20 хүртэл жил, хүү 2 ба түүнээс доош хувь) авдаг байсан үед өрийг өнөөгийн үнэ цэнээр буюу өгөөжөөр нь хорогдуулан тооцоход тохиромжтой байсан. Харин өнөөгийн байдлаар Монгол Улс дундажаас дээгүүр орлоготой орны тоонд багтах болж, арилжааны нөхцөлтэй зээл авдаг болсон тул өрийг өнөөгийн үнэ цэнээр хорогдуулан тооцох бус нэрлэсэн үнээр тооцохыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагаас удаа дараа зөвлөсний дагуу өөрчилж, нэрлэсэн үнээр бүртгэх хугацааг 2025 оноос хэрэгжихээр хуулийн төсөлд тусгасан байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар төсвийн ил тод байдлыг хангах, хөндлөнгийн хяналтыг сайжруулах, төрийн аудитын хяналтыг бэхжүүлэх, төсвийн хяналтыг сайжруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж төсвөө боловсруулдаг болох, төсөв санхүүгийн үр ашиг, гадаад зээл тусламжийн үр өгөөж дээшилж, төсвийн үргүй зардал багасах зэрэг ач холбогдолтой юм байна.

Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулсан. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор явуулах санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top