Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмөрлөө гэх мэдээллийг бид бараг өдөр өнжөөд авдаг болсон гэвэл хилсдэхгүй биз. Нар “галзуурсан” мэт ойр ойрхон илүү хүчтэй шуурга дэгдээсээр. Олон хүн энэ үзэгдлээс болж толгой нь өвдөж, зүрх нь дэлсэж, сульдаж байна гэж гомдоллох нь ихэсжээ. Үүний сацуу соронзон шуурганаас болж техникт гэмтэл гарч, харилцаа холбоо тасалдаж байна гэх. Гэрэлт одны идэвхжил хүчээ авч байгаа нь үнэн үү? Энэ нь хүмүүсийн амьдралд үнэхээр нөлөөлж байгаа юу гэсэн асуултуудад мэргэжилтнүүд хариу өгчээ.
Өнөөгийн соронзон шуурга, туйлын туяа ер бус уу?
Энгийнээр хэлэхэд нар “буцалж” байдаг бөгөөд үе үе наран дээр хүчтэй тэсрэлтүүд гарч байдаг. Энэ үер нарны плазм дэлхий рүү чиглэх нь бий. Ингэснээр дэлхийн соронзон орон хөдөлгөөнд ордог. Үүний улмаас дэлхий дээр туйлын туяа үзэгдэж, зарим хүний бие тавгүйрхдэг.
Наранд идэвхжилийн мөчлөг гэж байдаг. Тэр нь 11 жил үргэлжилнэ. Өдгөө бид нарны идэвхжилийн 25 дахь мөчлөгийн гэрч болоод байна. Энэ удаагийн идэвхжил 2024 оны сүүлч хүртэл, магадгүй дараа жилийн эхний хагасыг хамарч болзошгүй гэж цаг уурчид үзэж байна. Энэ хугацаанд хүчтэй соронзон шуурга олон удаа тохиох төлөвтэй байна. Харин түүнээс хойш нарны идэвхжил аажмаар буурч, доод цэгтээ хүрнэ.
Наран дээр ер бусын тэсрэлт болж байна гэх мэдээлэл харин хэтрүүлэг гэнэ. Нэгдүгээрт, наран дээр тэсрэлт болох бүрд дэлхийн соронзон оронд нөлөөлөхүйц титмийн масс сансар огторгуйд цацагддаггүй аж. Хоёрт, соронзон шуурга болон үүнээс үүдэлтэй туйлын туяа үзэгдэх давтамж урьд өмнөхөөс илүү ойртсон нь орчин үеийн техник технологи, интернэт, нийгмийн сүлжээ зэрэг хөгжсөнтэй холбоотой гэж шинжээчид онцолжээ.
Өнгөрсөн зууны 90-ээд оны үед тохиосон нарны идэвхжилийн 23 дахь мөчлөг өнөөгийнхөөс 1.5 дахин хүчтэй байсан. Харин тэр үед туйлын туяаны гэрэл зургийг ухаалаг утсаараа авч, нийгмийн сүлжээнд тавих хүн хэр олон байсан бол.
Соронзон шуурга техникийг гэмтээх чадвартай юу
Шинжлэх ухаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй соронзон шуурга 1859 онд тохиож байжээ. Тухайн үед Европ, Хойд Америк даяар цахилгаан холбоо жагсаалаас гарч байсан аж. Харин орчин үед бид тоон технологид шилжин, цахилгаанаас асар их хараат болоод байна. Тиймээс хүчтэй соронзон шуурга хүн төрөлхтний амьдралын хэв маягт аюул учруулах уу? Харин шинжээчид наран дээрх тэсрэлтийн улмаас чулуун зэвсгийн үе эргэн ирэхгүй хэмээн шинжээчид учирлажээ. Өнөөдөр бид тэс өөр технологи ашиглаж байна. Бүх төхөөрөмж өөрийн гэсэн хамгаалалтын системтэй. Тоног төхөөрөмж нарийн байх тусмаа соронзон шуурга болон бусад төрлийн туяа, цацрагаас илүү өндөр хамгаалалттай болжээ.
Урьдчилсан таамгаар энэ удаагийн нарны идэвхжил XIX зууны 50-60-аад оны үеийн хүч, XX зууны 90-ээд оны үеийн соронзон шуурганы хүчид дөхөж ч очихгүй гэж шинжээчид онцолжээ. Гэсэн хэдий ч соронзон шуурга гамшгийн хэмжээнийх биш юм гэхэд тодорхой хэмжээний хохирол учруулах чадалтай гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.
Үүний тод жишээ нь 2022 оны хоёрдугаар сард “Starlink” системийн хиймэл дагуулуудыг хөөргөж чадаагүй. Үүний шалтгаан нь наран дээрх хүчтэй дэлбэрэлт. Ингэхдээ тухайн үед бүртгэгдсэн соронзон шуурга хүчтэй байгаагүй ч удаан хугацаанд үргэлжилжээ. Энэ үйл явцад дэлхийн агаар мандал нэмж халж, улмаар илүү нягт давхаргууд дээшилсэн байна. Тиймээс хиймэл дагуулууд эсэргүүцэх хүчийг дийлэлгүй шатсан байна.
Хүчтэй соронзон шуурганы нөлөөллийн түгээмэл жишээ нь харилцаа холбоо тасалдах явдал юм.
Яагаад хүмүүсийн бие тавгүйрхдэг вэ?
Цаг агаарт мэдрэг байх, цаг агаараас хамааралтай байх гэсэн онош өвчний олон улсын ангилалд байдаггүй.
Дэлхийн олон оронд соронзон шуурга толгой, үе мөчний зэрэг өвчинд нөлөөлдөг эсэхийг тогтоохоор янз бүрийн судалгаа явуулж байжээ. Судалгаагаар шалтгаан, үр дагаврын шууд холбоо хамаарлыг илрүүлээгүй байна.
Ийм төрлийн үнэн бодит судалгаа явуулахад туйлын хүнд гэж шинжээчид онцолжээ. Учир нь энгийн нөхцөлд хүмүүст маш олон тооны янз бүрийн хүчин зүйлс нөлөөлж байдаг. Бодит үнэлгээ хийхийн тулд судалгаа явуулахдаа нэг хэсэг сайн дурынхныг соронзон шуургатай орчинд, нөгөө хэсгийг ямар ч салхи, шуургагүй орчинд байлгах ёстой. Гэтэл бидэнд өөр нэг дэлхий гэж байхгүй. Гэхдээ соронзон шуурга хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж чадахгүй гэсэн жинтэй баримт бий. Бидний бүх амьдралаа өнгөрүүлдэг дэлхийн байнгын гео соронзон орон дунджаар 20 мянган нанотесла хүчтэй байдаг. Соронзон шуурганы үеэр соронзон орны хэлбэлзэл дунджаар олон зуун нТл-д хүрдэг. Өөрөөр хэлбэл соронзон орон хэдхэн долиор өөрчлөгддөг байна.
Тэгвэл яагаад наран дээр тэсрэлт болсонтой зэрэгцэн хүмүүсийн бие тавгүйрхдэг вэ? Мэргэжилтнүүд энэ нь хоёр шалтгаантай гэж үзэж байна.
Юуны өмнө хүмүүст хүчтэй соронзон шуурга болох тухай мэдсэн даруйд нь сөрөг хүлээлт үүсдэг байна. Үүнийг “ноцебо нөлөө” буюу сэтгэл зүй болон мэдрэлийн тогтолцоо ямар ч учир шалтгаангүй сөрөг хариу үйлдэл хийхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүй, мэдрэлийн тогтолцоо өөрөө өөртөө сөрөг итгэл үнэмшил төрүүлснээр биеийн байдал бодитоор тавгүйрхдэг байна.
Нөгөө талаар, зарим хүний бие организм архаг өвчин, хүчтэй стресс, өндөр насны улмаас ихээхэн суларсан байдаг. Ингэснээр хүрээлэн буй орчинтой дасан зохицох тогтолцоо нь ноцтой гэмтсэн байдаг. Энэ тохиолдог хүрээн буй орчин, тэр дундаа агаарын даралт, температур, чийгшилд хүртэл бага зэрэг өөрчлөлт гарахад бие нь тавгүйрхэх тохиолдол бий. Магадгүй соронзон шуурганы үед соронзон оронд гарч буй туйлын бага өөрчлөлтүүд гэхээсээ илүү үүнээс үүдэлтэй ямар нэгэн өөрчлөлтүүд гардаг байхыг үгүйсгэх аргагүй. Үнэндээ шинжлэх ухаан одоогоор үүнийг тайлаагүй байгааг шинжээчид хүлээн зөвшөөрчээ.
Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Соронзон шуурганы бодит эсвэл хуурамч сөрөг нөлөөг бууруулахын тулд эрүүл мэнддээ анхаарах, хүрээлэн буй орчны өөрчлөлтөд дасан зохицох чадвараа дээшлүүлэхийг эмч нар зөвлөж байна. Эрүүл хооллолт, сайн унтаж амрах тустай.
Түүнчлэн, илүүдэл жингээ хаяхыг эмч нар зөвлөжээ. Учир нь илүүдэл өөх архаг үрэвсэл сэдрэх эрсдэлийг нэмэгдүүлдгээс гадна бие организмын дасан зохицох чадварыг бууруулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )