Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит 79-р чуулган өнөөдөр /2024.09.10/ эхэлж байна. Чуулганаар зэвсэгт мөргөлдөөнийг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уламжлалт ёсоор есдүгээр сарын 27-30-ны хооронд дээд түвшний долоо хоног болно.
Мягмар гарагт /2024.09.10/ болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулганы хаалтын нэгдсэн хуралдаанаар чуулганыг удирдсан Тринидад ба Табаго улсын төлөөлөгч Дэннис Фрэнсис чуулганы нэг жилийн ажлыг дүгнэж, бүрэн эрхээ Камеруны Ерөнхий сайд асан Филемон Янг-д албан ёсоор шилжүүлэн өгнө. Үдээс хойш Ерөнхий ассамблейн 79-р чуулганы анхны хуралдаан болно.
Дээд түвшний долоо хоногийн өмнө Ирээдүйн дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-23-нд болно. Энэхүү арга хэмжээ нь илүү сайхан одоо цагийг бий болгож, ирээдүй цагийг хайрлан хамгаалах асуудлаар зөвшилцөлд хүрэх зорилготой. Дээд хэмжээний уулзалтаар Ирээдүйн төлөөх пакт, Дэлхийн дижитал гэрээ болон Ирээдүй хойч үед зориулсан тунхаг зэрэг гурван баримт бичгийг зөвшилцөнө.
Дээд түвшний долоо хоногийн үеэр Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва уламжлал ёсоор үг хэлэх бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нар үг хэлнэ.
Энэ удаагийн чуулганы гол онцлог нь хэлэлцэх асуудлын жагсаалтад хиймэл оюун ухааны асуудлууд багтжээ. НҮБ-ын түүхэнд анх удаа энэ асуудал анхаарлын төвд орж байгаа нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил, түүний дэлхийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоотой асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийг улам бүр түгшээж буйг илтгэж байна. Энэхүү чуулганы хүрээнд тусгай ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна. Тус ажлын хэсэг нь хиймэл оюун ухааныг хэрэглэх ерөнхий зарчим, нэгдсэн стандартыг боловсруулах үүрэг хүлээх юм.
Сэтгэгдэл ( 0 )