АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид байр сууриа илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

АНУ-ын дэд ерөнхийлөгч, тус улсын төрийн тэргүүний албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис сонгуульд ялсан тохиолдолд Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Украины эрх баригчдын оролцоогүйгээр хэлэлцэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа телевизийн CBS сувагт ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

Украин дахь мөргөлдөөнийг зогсоох асуудал хэлэлцэхээр Путинтэй уулзах байсан уу гэсэн асуултад тэрээр хариулахдаа: “Украины оролцоогүйгээр хоёр талын уулзалт хийхгүй. Украины ирээдүйг хэлэлцэхэд дуу хоолойгоо хүргэх эрх Украинд байх ёстой” гэж тэмдэглэсэн байна.

Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг та дэмжих үү гэсэн асуултад Камала Харрис тодорхой хариу өгөлгүй, “Энэ бүх асуудал нь цаг нь ирэхээр бидний шийдэх ёстой асуудал юм. Яг одоо бол АНУ Украины өөрийгөө хамгаалах чадавхийг дэмжиж байна” гэж хэлжээ. 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп тус улсад дэгдсэн хүчтэй хар шуурганд нэрвэгдсэн хүмүүст дөнгөж 750 сая долларын тусламж үзүүлж байгаа нөхцөлд Украинд 300 сая долларын тусламж үзүүлэх нь буруу хэмээн шүүмжилэн байна.

АНУ-ын засаг захиргаа зарим муж улсад, ялангуяа  Умард Каролина муж улсад байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах ажлыг дорвитой зохион байгуулахгүй байна гэж Трамп мэдэгдэв. “Умард Каролинад хохирсон хүмүүст туслаж байгаа хүн харагдахгүй байна. Тэнд байгалийн гамшигт хүчтэй нэрвэгдсэн хүмүүс л байна. Юу ч үгүй үлдсэн нэг хүн чулуун дээр сууж байхыг би тэнд харсан” гэж тэр ярьжээ.

АНУ-д дэгдсэн “”Хелен  шуурганы уршгийг арилгах үйл явц олон жил үргэжлэх ба үүнд ихээхэн хөрөнгө шаардагдана гэж тус улсын Дотоод аюулгүй байдлын сайд Алехандро Майоркас аравдугаар сарын 1-нд мэдээлж байсан билээ. Санхүүгийн Moody’s Analytics компанийн тооцоолсноор, “Хелен” шуурганы учруулсан эдийн засгийн хохирол 34 тэрбум орчим ам.доллар болох юм байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, бизнес эрхлэгч Илон Маск Пенсильвани муж улсад Дональд Трампыг дэмжсэн сурталчилгааны кампанит ажилд үргэлжлүүлэн оролцох бодолтой байгаа ажээ.  

Илон Маск Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчид туслах улс төрийн хороог өмнө байгуулсан юм.

Пенсильвани нь арван нэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд чухал нөлөө үзүүлэх муж улсуудын нэг юм байна.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мон(202.126.88.176) 2024 оны 10 сарын 13

Трамп гарвал дэлхий ертөнц нэг юм амар амгалан болох байгаа даа,

1  |  0
Top