Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд аудитын өгсөн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулсан ба тэрбээр "Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төвлөрүүлэх орлогын төсвийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Төрийн албаны зөвлөлийн орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн байна.
Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 73.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь дараах шалтгаантай байна. Үүнд,
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Г.Очирбат нар асуулт асууж, хариулт авч байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбатын "Төрийн албаны зөвлөлийн 2025 оны төсвийн төсөлд 2024 оны төсвөөс 14,3 тэрбум төгрөг буюу 80 гаруй хувиар өссөн байна. Төрийн албан хаагчийн хүний нөөцийн бүтэц ямар түвшинд байна вэ, төсөв нэмэгдэх хэрээр төрийн алба хэрхэн чадавхжих вэ" гэсэн асуулт тавив.
Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн "Төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн тоо бүртгэлийг тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгодог. Энэ 10 дугаар сарын байдлаар 4271 төрийн байгууллагад 228 820 төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр төрийн албан хаагчдын 1,7 хувь нь улс төрийн албан хаагчид, 10 хувь нь төрийн захиргааны албан хаагч, 20 хувь нь төрийн тусгай албан хаагч, үлдсэн 68 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албан хаагчдын дундаж нас сүүлийн 3 жил залуужиж, 38,6 болсон. Төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл байдалд анхаарах хэрэгтэй байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн 40 хувийг төрийн албанд оруулж байна. Төрийн албаны хүний нөөцийн хөдөлгөөнийг эргэлтэд оруулах, залуучуудыг төрийн албанд мерит зарчмаар ажиллуулахын тулд хичээн ажиллаж байна. Хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцооны цахим системийн дэд бүтцийн болон тоон системд шинэчлэл хийхийн тулд хөрөнгө нэмж төсөвлөсөн" гэв.
Тус байнгын хороо ийнхүү Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Ёс зүй, дэгийн байнгын хороо үргэлжлүүлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон олонх гишүүдийн саналаар тус ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )