СОНИРХУУШТАЙ I Заавал үзэх ёстой шилэн гүүрнүүд

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Шилэн гүүр нь зөвхөн архитектурын байгууламж биш, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг инженерийн шийдэлтэй үзмэр болоод байна. Хүн амьдралдаа заавал үзэх ёстой 10 шилэн гүүр хаана байдаг, яагаад жуулчдыг сонирхлыг татдаг вэ?

Цалка хавцал дээгүүрх шилэн гүүр, Гүрж

Тбилиси хотоос 90 км-ийн зайд орших Алгети үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалттай бүсэд, KassLand Diamond Resort хэмээх эко аялал жуулчлалын цогцолбор дахь Цалка хавцал дээгүүр 240 метрийн шилэн гүүр байдаг.

Гүүрний хэлбэр нь ангал дээр дүжигнэсэн асар том очир алмазтай төстэй юм. Гэхдээ энэ бол зүгээр нэг үзэсгэлэнтэй дизайн биш. Инженерүүд гүүрээр алхах аялагчдыг сэтгэлийг хөдөлгөхийг хичээжээ.

Гүүрний гол онцлог нь барилгын яг голд байрлах алмаз хэлбэртэй ресторан юм. Төсөөлөөд үз дээ: та ширээний ард сууж байхад хөл доор нь ангал байна. Энэ ресторан нь дэлхийн хамгийн өндөрт байрладаг дүүжин ресторан гэдгээрээ Гиннесийн амжилтын номд бичигдсэн нь гайхах зүйл биш юм.

Дашрамд дурдахад Цалка хавцал нь өөрөө бас байгалийн гайхалтай тогтоц юм. Хавцлын урт нь найман км, хадан хананы өндөр нь 1100-1500 метрт хүрдэг.

"Нур Алем" бөмбөрцөг, Казахстан

Астана (одоогийн Нур-Султан) хотын төвд 80 метрийн диаметртэй асар том шилэн бөмбөг сүндэрлэжээ. Энэ бол "Дэлхийн гэрэл" гэсэн утгатай "Нур Алем" барилга-павильон юм. Гэхдээ энэ нь зөвхөн ер бусын хэлбэртэй төдийгүй сонирхолтой үзмэр юм.

Бөмбөрцөг нь найман давхар байгууламж бөгөөд давхар бүр нь сансар огторгуй, нар, салхи гэх мэт ирээдүйн эрчим хүчний боломжит эх үүсвэрүүдийн төрөлд зориулагдсан байдаг. Жуулчдад аяллаа оройноос нь эхэлж, доош буухыг санал болгодог байна. Дээд давхарт Астанагийн бяцхан макет, мөн хотыг тольдох тавцан бий.

Аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг бол дээд давхарт байрлах шилэн гүүр юм. Бөмбөрцгийн хоёр талыг холбодог гүүрээр явахад агаарт хөвж байгаа мэт санагдана.

Beyond Skywalk Nangshi, Тайланд

2023 оны сүүлээр Пхукетийн ойролцоо шинэ үзмэр бий болжээ. Тэр нь Beyond Skywalk Nangshi шилэн гүүр. Пхукет хотын зэргэлдээх Панг Нга мужид байрладаг гүүрнээс далайн уснаас сүндэрлэх хадан цохио, үзэсгэлэнт арлуудыг тольдох боломжтой.

Андаманы тэнгисийн арлуудын цаагуур нар жаргах гайхалтай мөчийг гэрэл зурагт буулгах боломжтой. Тэрхүү гүүрний ачаар жуулчид байгалийн гоо үзэсгэлэнг хараад зогсохгүй дээгүүр нь алхах боломжтой болсон.

Өдгөө ойр орчимд нь тансаг зэрэглэлийн зочид буудал зэрэг бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа.

Бах Лонг гүүр, Вьетнам

Вьетнамын баруун хойд хэсэгт орших Сон Ла мужид "Цагаан луу" хэмээх гүүр байдаг. Тус гүүр үнэхээр хоёр уулын дунд дүүлэн буй асар том луу шиг харагддаг.  632 метр урт Ба Лонг нь дэлхийн хамгийн урт шилэн гүүр юм.

Бах Лонг нь газраас 150 метрийн өндөрт байрладаг. Гүүр хэр өндөрт баригдсаныг ойлгохын тулд 50 давхар тэнгэр баганадсан барилга, тус барилгын дээврийн шилэн шалан дээр алхаж байна гэж төсөөлөөд үз дээ. Энэ гүүрээр алхах хүмүүст яг ийм мэдрэмж төрдөг.

Гэхдээ аюулгүй байдалдаа санаа зовох хэрэггүй. Учир нь гүүрний шалыг Францын хэт бат бөх шилээр хийсэн бөгөөд нэг дор 450 хүнийг даах хүчин чадалтай. Мөн гүүрнээс цайны тариалан, цагаан будааны талбайгаараа алдартай Мок Чау бүс нутгийн гайхалтай үзэмжийг харж болно. Тоор болон чавганы мод цэцэглэдэг хавар  зочлоход хамгийн тохиромжтой цаг юм.

Жанжиажэ шилэн гүүр, Хятад

 "Аватар" киног бүтээх сэдэл өгсөн байгалийн гайхамшигтай үзэмжээрээ алдартай Жанжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 430 метр урт, зургаан метр өргөн шилэн гүүр болох өөр нэг инженерийн гайхамшиг бий.

Гүүр 2016 онд ашиглалтад орохдоо дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр гэж тооцогддог байв. Хэдийгээр тус гүүр эл цолыг алдсан ч түүгээр алхах нь сэтгэл хөдөлгөм хэвээр байна. Төсөөлөөд үз дээ. Үзэсгэлэнтэй хавцлын дээгүүр 300 метрийн өндөрт тунгалаг шалан дээр алхаж байна гээд. Хөлөн доор таван см зузаан 99 ширхэг хүнд даацын шилэн хавтан байна.

Сонирхолтой нь гүүрийг байгуулсан хүмүүс бүтээл нь ийм алдартай болно гэж төсөөлөөгүй бололтой. Гүүр нь нэг дор 800 хүн, өдөрт 8000 зочин хүлээн авах зориулалттай. Гүүрийг нээхэд өдөр бүр 80,000 орчим хүн зорьдог байжээ. Үүнээс болж гүүрийг нээгдсэнээс хоёр долоо хоногийн дараа түр хаахад хүрчээ. Харин одоо байдал хэвийн болсон ч дараалалд зогсохгүйн тулд эрт ирсэн нь дээр.

Dubai Frame, АНЭУ

Архитектурын гайхамшгийг илэрхийлэгч Дубай хотод Dubai Frame гэсэн ер бусын байгууламж бий. Энэ нь 150 метр өндөр аварга том алтадсан хүрээ бөгөөд нэг талдаа хотын түүхэн дүүрэг, нөгөө талдаа орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудыг тольдохуйцаар байрлуулсан байна.

Энэ хүрээний дээд талд 93 метр урт шилэн гүүр байдаг. Түүгээр алхах нь өнгөрсөн үеэс ирээдүй рүү чиглэсэн аялал юм. Аялал Дубайн түүхийг өгүүлэх галерейгаас эхэлж, орчин үеийн хотыг тольдох шилэн гүүрээр дамжин, Эмирт улсын ирээдүйд зориулсан галерей руу бууна.

Хамгийн сонирхолтой үйл явдал гүүрэн дээр өрнөдөг. Шалны нэг хэсэг нь ухаалаг шилээр хийгдсэн ба хүсвэл шал мат өнгөтэй болдог. Тунгалаг шалан дээр алхаж, хотыг өндрөөс харан, биширч байх мөчид гэнэт хөл доорх шал тунгалаг биш болно. Тэгээд дахин тунгалаг болно. Эл гүүр хамгийн аймшиггүй аялагчдад ч гэсэн хурц мэдрэмж төрүүлнэ.

Согымсан уулын дүүжин гүүр, БНСУ

Сөүлээс зүүн тийш 150 км-т орших Вонжу хот нь Өмнөд Солонгосын үзэсгэлэнт байгалиараа алдартай. Байгалийн гоо үзэмжийг тольдох боломжийг газраас 200 метрийн өндөрт орших Согымсан ууланд байрлах дүүжин гүүр  олгодог. Түүний урт нь 404 метр юм.

Гүүр нь хоёр хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь модон тавцантай ердийн дүүжин гүүр бол хоёрдох нь бүрэн шил юм. Эсрэг тэсрэг сонголтоос алийг нь сонгох нь таны эрх. Ердийн модон гүүрээр алхах уу эсвэл боломжоо ашиглаад шилэн дээр алхаж зүрхлэх үү.

Гранд хавцлын дээгүүрх "Тэнгэрийн зам", АНУ

Дэлхийн хамгийн гүн хавцлын ирмэгээс дээш 21 метрийн өндөрт байрлах шилэн тавцан дээр зогсож байна гэж төсөөлөөд үз дээ. Таны доор нэг километр урт ангал байх бөгөөд Гранд хавцлын гайхалтай үзэмж нүд булаана. Энэ бол "Тэнгэрийн зам" буюу Skywalk юм.

Энэхүү U хэлбэрийн тавцан нь газраас 1219 метрийн өндөрт байрладаг. Байгууламжийн шалыг 10 см зузаан таван давхарласан шилээр хийжээ. Найдваргүй мэт санагдаж болох ч үнэндээ гүүр нь 71 ширхэг зорчигч дүүрэн  Boeing 747-ийг даах чадвартай.  

Сонирхолтой нь "Тэнгэрийн зам"-ыг барих нь тийм ч хялбар ажил биш байв. Ойролцоо нь зам байгаагүй тул барилгын бүх материалыг нисдэг тэргээр хүргэдэг байжээ. Тавцанг хавцлын гадна угсарч, дараа нь өргөгч краны тусламжтай суурилуулсан байна. "Тэнгэрийн зам" дээр гэрэл зураг авахыг хориглодог тул бүх сэтгэгдэл зөвхөн таны ой санамжид үлдэх болно.

Дахштайн мөсөн голын гүүр, Австри

Австрийн Альпийн нуруунд далайн түвшнээс дээш 2700 метрийн өндөрт "Хаашаа ч хүрэхгүй шат" хэмээх ер бусын үзмэр бий. Энэ бол хадан цохион ирмэгээс цааш 14 метр сунах шилэн тавцан ба тийш очих шилэн гүүр юм. Эндээс Альпийн нуруу болон ойролцоох Дахштайн мөсөн голын гайхалтай үзэмжийг тольдох боломжтой.

Гүүрний хажууд мөсөн ордон байдаг. Энэ нь мөсөн голын доторх агуйн систем юм

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top