Энэтхэгийн Гужарат мужийн Морби хотын Махчу голын гүүр нурж, 134 хүний амиа алдсантай холбогдуулан есөн хүнийг баривчлаад байна.
Гүүр нурахаас өмнө хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгт хэсэг залуус гэрэл зургаа татуулж байх үед бусад нь дүүжин гүүрийг савлуулж байгаа нь гарчээ. Үүний дараа гүүр ачааллаа даахгүй нурсан байна. 1877 онд баригдсан гүүр жуулчдаар дүүрсэн байжээ. Гэрчийн мэдүүлснээр, 20-25 насны 15-20 залуу гүүрийг савлуулж байсан ба гүүрний трос гэнэт тасарчээ.
Энэтхэгийн цагдаагийн мэдээлснээр, 230 м урт гүүрний засварын ажил гүйцэтгэсэн “Oreva” компанийн удирдлага, тасалбар борлуулагч, гэрээт ажилтан, аюулгүйн албаны ажилтан зэрэг есөн хүнийг саатуулаад байна. Тус компани гүүрний засвар дуусаж, нээх болсон тухай орон нутгийн эрх баригчдад мэдэгдэж, ашиглалтын зөвшөөрөл аваагүй байна.
Ройтерс агентлагийн мэдээллээр, 400 орчим жуулчин, амрагч Дивали баярыг тэмдэглэхээр тасалбар авчээ. Амиа алдсан хүмүүсийн 35 нь 14-өөс доош насны хүүхдүүд байсан аж. Аврагчид голоос 170 хүний амийг аварсан байна.
Сэтгэгдэл ( 0 )