Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Байнгын хороонд чиглэл өгч буцааж болох зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын дарга 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойших хуралдааны үеэр Хууль зүйн болон Төсвийн байнгын хороонд чиглэл өгсөн юм.

Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.11.01) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл дэх “Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 113.1 км, гүүрэн байгууламж, 885.6 у/м /Төвийн бүс/ гэсэн арга хэмжээний төсвөөс санхүүжих дүнг бууруулж, уг эх үүсвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад хамаарах шүүхийн байрууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тоног төхөөрөмжтэй холбоотой болон Улсын Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх саналтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар болов. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Б.Жавхлан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэйг гишүүд тэмдэглээд, шүүхийн салбарын бүтээн байгуулалтуудыг он дамнуулахгүй, төсөвт ондоо ашиглалтад оруулахаар хуваарилж, шүүхээр үйчлүүлж буй иргэдийн эрхийг хангах, хамгаалах шийдвэр гаргахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Ингээд санал хураалт явуулахад дээрх томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжсэн юм. Байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Мөн энэ өдөр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан 14 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул Төсвийн  байнгын хороонд буцаасан билээ.

Энэ хүрээнд Байнгын хороо хуралдаж, Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал санал хэлсэн.

Тэрбээр “Хууль зүйн байнгын хорооны зардал нэмэгдүүлэх саналыг дэмжиж байна. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг “Дархан-Алтанбулаг” чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл гэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг бууруулахыг дэмжихгүй байна” гээд зардал бууруулах эх үүсвэрийг нь өөрчлөх боломжтой эсэх талаар санал хэлсэн.

Ингээд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан “Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 113.1 км, гүүрэн байгууламж, 885.6 у/м /Төвийн бүс/” гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулж, уг эх үүсвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад хамаарах шүүхийн байр, тоног төхөөрөмж болон Улсын Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх саналтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top