Сирийн сөрөг хүчин 12 сарын 8-ныг Үндэсний баярын өдөр гэж зарлажээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 09

 

Сирийн сөрөг хүчин болон хувьсгалт хүчний үндэсний эвсэл Дамаск хотыг эвслийн зэвсэгт бүлэглэлүүд эзлэн авсан арванхоёрдугаар сарын 8-ныг үндэсний баярын өдөр гэж зарласан байна.

Тус эвслийн удирдлагаас улс орон даяар байлдааны ажиллагааны тэргүүн шугамд тулалдсан баатрууддаа баяр хүргэхийн зэрэгцээ сахилга батыг хатуу баримталж, иргэдийн аюулгүй байдал, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, төрийн байгууллагууд, олон нийтийн байгууламжуудыг хамгаалахыг уриалсан ажээ.

Сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд Сирийн Алеппо болон Идлиб мужид арваннэгдүгээр сарын 27-нд засгийн газрын зэвсэгт хүчний эсрэг өргөн хүрээтэй давшилтыг эхлүүлсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчид арван хоёрдугаар сарын 7-ны орой гэхэд Алеппо, Дейр-эз-Зор, Дераа, Хаму, Хомс зэрэг томоохон хотуудыг эзлэн авсан аж. Арванхоёрдугаар сарын 8-ны өглөө сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд тус улсын нийслэл Дамаск хотод орж ирэхэд армийн анги нэгтгэлүүд хотоос гарч явсан байна.

Сирийн талуудын дотоод яриа хэлэлцээний дараа Башар Асад ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, улс орноо орхин гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top