Ираны газрын тосыг Хятадад нийлүүлэхийн эсрэг хориг нэвтрүүлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 07

АНУ-ын Сангийн яам Ираны газрын тосыг Хятад улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэх үндэслэлээр зарим хувь хүн болон хуулийн этгээд, усан хөлөг онгоцнуудын эсрэг хориг хязгаарлалт нэвтрүүлжээ.

“Өнөөдөр АНУ-ын Сангийн яамны Гадаадын актив хөрөнгийг хянах газраас Ираны олон зуун сая долларын үнэ бүхий олон сая торх газрын тосыг БНХАУ-д нийлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг олон улсын сүлжээний эсрэг хориг арга хэмжээ нэвтрүүллээ” гэж Америкийн Сангийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Энэ хоригт зургаан хувь хүн, есөн хуулийн этгээд, гурван усан хөлөг онгоц өртөж байгаа ажээ. 

“Иран улс газрын тосны борлуулалтаас жил бүр олон тэрбум долларын орлого олж байгаа бөгөөд энэ мөнгөө бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, ХАМАС, хуситууд, “Хезболла” зэрэг бүс нутгийн террорист олон бүлэглэлийг дэмжихэд зарцуулж байгаа. Ираны Зэвсэгт хүчний жанжин штаб газрын тос худалдах, нийлүүлэхийн тулд гадаадын зохиомол компани, брокеруудын сүлжээ ашигладаг” гэж дээрх мэдэгдэлд онцолсон байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн хэлснээр, Ираны дэглэм газрын тосны борлуулалтаас орох орлогоо цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх, баллистик пуужин, нисэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэх, өөрийн хараат террорист бүлэглэлүүдийг дэмжихэд ашиглах бодлого баримталсаар байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top