Утааны ерөнхий хяналтын сонсголын тайланг танилцууллаа

Админ | Zindaa.mn
2025 оны 02 сарын 17

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголын тайланг УИХ-ын албан ёсны вэб сайтад нээлттэй танилцуулжээ


     Уг сонсголыг энэ сарын эхээр эхэлж, өнгөрөгч долоо хоногт өндөрлөөд байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, бүрэлдэхүүнд төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдлаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар болон төрийн байгууллагаас 29, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 60, долоон шинжээч, нийт 96 хүн оролцож ажилласан юм. Уг ажлын хүрээнд 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ирггэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл, гомдлын ситем “retition.parliament.mn” цахим хуудсанд Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө хөтөлбрүүдийг сайжруулахыг шаардан, “Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт үнэлгээ хийж, сайжруулцгаая” сэдэвт өргөдлийг үүсгэн, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өргөдөлд 71.452 иргэн гарын үсэг зурсан юм. 

     Мөн үеэр сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журам, дарааллыг танилцуулав. Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.

     Түүнчлэн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Агаар, орчны бохирдолд зарцуулсан төсвийн сүүлийн 15 жилийн тойм”,  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн”, “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьсныг дурдаад илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцож буй 33 иргэн, Улсын Их Хурлын таван гишүүн асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. Энэхүү хэлэлцүүлгээс агаарын бохирдол, утааг бууруулахад төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, улсын болон нийслэл, орон нутгийн төсвөөс зарцуулсан санхүүжилтийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй ил тод байх үүднээс МҮОНРТ-ээр шууд дамжуулсан.

    Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт борлуулалтын асуудал Байгаль орчин, уур өөрчлөлтийн яамны эрхлэх асуудлын хүрээнд ямар хамааралтай болох талаар болон өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш” ХХК-д 146.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сайжруулсан шахмал түлшний тээвэр, агуулах, борлуулалтад зориулж Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас олгосон талаар, Ногоон зээл олгох эх үүсвэрийг шийдвэрлэх зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн агуулга, тавигдах шаардлага, үр дүнгийн тооцооллыг тодорхой болгох шаардлагатай байлаа хэмээн Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэлдээ онцолсон.

   Хуулийн хэрэгжилтийн хүрээнд  Агаарын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгээгүй агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны зохицуулалт, үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, зохион байгуулалтын бүтцээс харахад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд дотоод хяналт, үнэлгээний ажил орхигдсон.

      Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны чиг үүргийн хэрэгжилтийн талаарх үндэсний хөтөлбөрийг (2017-2020 он) хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, салбар хоорондын ажлын уялдааг хангаж ажиллаагүйг тайланд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top