Ираны удирдлага шууд яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэж Трамп мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

Одоо Ираны удирдлага АНУ-ын засаг захиргаатай зуучлагчдаар дамжуулж биш, харин шууд яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Бид шууд яриа хэлэлцээ хийх нь илүү дээр гэж бодож байна. Ингэх нь хоёр тал бие биеэ илүү хурдан, илүү сайн ойлгоход тусална. Иранчууд зуучлагчдаар дамжуулан уулзахыг хүсэж байснаа больсон байна. Тэд эмзэг гэдгээ мэдрээд сандарч байгаа бололтой. Харин би тэднийг сандраасай хэмээн хүсэхгүй” гэж тэр хэлжээ.

Энэ оны гуравдугаар сарын 7-нд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ хийх санал бүхий захидлыг тус улсын дээд удирдагч аятолла Али Хаменеи-д илгээсэн юм. Тэр үед Ираны эрх баригчид АНУ-тай шууд яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, зуучлагчдаар дамжуулан яриа хэлэлцээ хийж болох юм гэж мэдэгдсэн аж.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол хоёр долоо хоногийн дараа Ираны бараанд импортын нэмэлт татвар нэвтрүүлнэ гэж Трамп гуравдугаар сарын 30-нд мэдэгдээд, Иран улс хэлэлцээр байгуулахаас бүрэн татгалзсан тохиолдолд сүйрэлт цохилт өгнө хэмээн анхааруулсан байна.

“АНУ цэргийн халдлага үйлдэнэ гэдэгт итгэхгүй байна. Харин Америкийн засаг захиргаа Иранд үймээн дэгдээхийг оролдвол шийдвэртэй хариу барина” гэж Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu