Шууд сөргөлдөөн үүсэж болзошгүй гэж үзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14

Украины хямрал даамжирсан тохиолдолд АНУ, Оросын хооронд шууд сөргөлдөөн үүсэж болзошгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байгаа тухай тус улсын Зэвсэгт хүчний Умард командлалын тэргүүн, генерал Грегори Гийо мэдэгджээ.

АНУ-ын Конгрессын Сенатын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны сонсголд зориулж түүний бэлтгэсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Умард Америкийн агаар, сансрын батлан хамгаалах нэгдсэн командлалын тэргүүний албан тушаалыг давхар хашиж байгаа генералын дүгнэж байгаагаар, АНУ-ын гол өрсөлдөгчдийн нэг болох Оростой шууд мөргөлдөөн үүсэх магадлал өндөр байгаа ажээ.

БНХАУ, ОХУ, Умард Солонгос, Иран улс АНУ-тай зэвсэгт мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийхийг эрмэлздэг хэдий ч Өрнөдийн орнууд уналтад орсон гэдэгт эдгээр улс итгэж байгаа нь олон улсын тавцан дээр АНУ-ыг сөрөх хүслийг нь дэвэргэж, алдаатай тооцоо хийх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Грегори Гийо үзэж байна. “Украины мөргөлдөөн даамжирч, АНУ-тай цэргийн шууд тулгаралт болж шатлан өргөжих магадлал хэвээр байгаагийн зэрэгцээ Ойрх Дорнодын нөхцөл байдал Ирантай цэргийн шууд мөргөлдөөн үүсгэх аюултай байгаа юм” гэж Америкийн генерал тэмдэглэжээ.

Тайванийн эргэн тойронд болон Өмнөд Хятадын тэнгист үүсээд байгаа хурцадмал байдал нь АНУ, Хятадын хооронд цэргийн мөргөлдөөн болж даамжрах аюулыг агуулсан хэвээр байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu