АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Орос, Украины яриа хэлэлцээнд оролцохоор Турк улсад очихгүй гэж Ройтерс агентлаг лхагва гарагт мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины талтай хийх хэлэлцээнд оролцох Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсны дараа АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч ийм мэдээлэл өгсөн байна. Хэлэлцээнд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд нь ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Михаил Галузин, Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар багтжээ.
Орос, Украины яриа хэлэлцээ тавдугаар сарын 15-нд Туркийн Истанбул хотод эхлэх юм. Украины удирдагч Владимир Зеленский Истанбулд очих бодолтой байгаагаа илэрхийлж байсан билээ. Истанбулд очих АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф, Украины асуудал хариуцсан Америкийн тусгай элч Кит Келлог нар багтсан тухай Цагаан ордны төлөөлөгч тавдугаар сарын 13-нд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )