Трамп Иранд цохилт өгөх шинэ хувилбаруудыг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд цохилт өгөх шинэ төлөвлөгөөг судалж байна гэж CNN суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.

Цагаан ордны тэргүүн Исламын Бүгд Найрамдах Улсын удирдагчид болон аюулгүй байдлын салбарын өндөр албан тушаалтнуудад агаараас цохилт өгөх боломжуудыг судалж байгаа аж.

Трампт танилцуулсан өөр нэг хувилбар нь Ираны цөмийн объектууд болон засгийн газрын агентлагуудад цохилт өгөх явдал.

Доналд Трамп одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй байгаа хэдий ч Ойрх Дорнодын бүс нутагт нисэх онгоц тээвэрлэгч бүлэг хөдөг онгоц хүрэлцэн очсоны дүнд олон янзын хувилбараас сонголт хийх боломжтой болжээ.

CNN сувгийн үзэж буйгаар, Вашингтон, Тегераны хооронд цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хазаарлах асуудлаарх урьдчилсан яриа хэлэлцээ амжилтгүй болсон тул цохилт өгөх хувилбаруудыг судалж эхэлсэн байна.

Доналд Трамп Иранд хүчтэй цохилт өгснөөр өөрийнхөө нөхцөлийг хүлээн зөвшөөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд Трамп богино хугацаанд ялалт байгуулсан тухайгаа зарлахыг хүсэх ч Ираны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, баллистик пуужин, дрон, сөнөөгч онгоц зэрэг нь Вашингтонд шийдвэрлэх цохилт өгөх төлөвлөгөөнд хүндрэл учруулах нь тодорхой гэж CNN онцолжээ. Үүнээс гадна, Венесуэлд халдлага үйлдэхээс өмнө АНУ-ын засаг захиргаа өмнө нь тус улсад хөрс суурийг нь бэлдсэн байсан бол Ираны хувьд нөхцөл байдал өөр болохыг тус суваг мөн онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top