Трамп Ираны эрчим хүчний объектуудад цохилт өгөхөө 10 хоногоор хойшлуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хэлэлцээ хийх зорилгоор эрчим хүчний объектуудад нь цохилт өгөхөө 10 хоног хойшлуулжээ.

Тэрбээр Truth Social сүлжээнд “Ираны засгийн газрын хүсэлтээр Ираны цахилгаан станцуудад цохилт өгөхийг 10 хоногоор хойшлуулж байна. Яриа хэлэлцээ үргэлжилж байна” гэж бичжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Трамп Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг устгана гэж сүрдүүлж байсан билээ. Үүний хариуд Ираны эрх баригчид тус хоолойг бүрэн хаана гэж мэдэгдсэн. Хожим Трамп эл хугацааг таван хоногоор сунгасан билээ.

Лхагва гарагт Цагаан ордны тэргүүн 15 заалт бүхий мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд илгээсэн гэсэн ч Тегеран үүнийг үгүйсгэсэн. АНУ Ираны ямар төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж байгаа нь одоогоор тодорхойгүй байна гэж ВВС агентлаг тодруулжээ. Харин Трамп Ираны албаны хүмүүс амиа алдахаасаа болгоомжлон, яриа хэлэлцээ хийж байгаагаа нууж байна гэж мэдэгдсэн байна.

Трампын мэдэгдлийн дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ унаж эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top