Байгалийн тэнцвэр

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Жилээс жипд эх дэлхий минь доройтож байна. Хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж байгалийн тэнцвэр алдагдаж, ургамал амьтдын төрөл зүйлүүд ховордон, зарим нэгэн төрөл нь бүрмөсөн устсан билээ. Хүмүүс бидний ухамсар дорой байдал, энэрэнгүй бус байдал, ашиг хонжоо хайсан байдал нь эргээд байгаль, эх дэлхийд сөргөөр нөлөөлж байна. Миний бодлоор бол энэ бүгд хүмүүс биднээс, бидний өчүүхэн өөрийн ашгийг бодсон байдлаас үүсч байна. Хэдийгээр Монгол Улс байгалийн баялаг, ашигт малтмал, нэн ховор төрлийн амьтад, ургамлын зүйлс, үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг ч, хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглахгүй бол бид мөхлийн ирмэг дээр очих болно. Жишээ нь: 1900 оны эхээр Сахаарын тал дэлхийд гайхагдсан, үзэсгэлэнт байгаль, ашигт малтмалаар дүүрэн байсан боловч 20 дугаар зууны дунд үед Сахаарын тал маань Сахаарын цөл болсон гунигт түүх бий. Үүний гол шалтгаан нь тухайн нутагт байдаг улс орнууд нь ашигт малтмалаа зүй зохистой ашиглаагүйгээс их хэмжээний мод бэлтгэснээс болж, хөрс нь доройтож, температур нь нэмэгдэж, улмаар дэлхийн хамгийн халуун, хамгийн том цөл болон хувирчээ. Энэ харамсалтай үйл явдал ямар богинохон хугацаанд болж өнгөрөө вэ. Хэрвээ бид ашигт малтмалаа зөв ашиглахгүй бол удахгүй үүнтэй адил болно. Монголын ирээдүй гэгдэх Оюутолгойн ордыг ашиглалтад оруулбал экологид асар том хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экосистемийг эвдэх аюултайг олон улсын эрдэмтэд тогтоосон билээ. Гэвч үүнийг ард иргэд, төр, засаг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Мөн үүнээс гадна олон олон зүйл нөлөөлж байгаа. Жишээлбэл: тоосжилт, агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол, агаар дахь хүхрийн хэмжээ нэмэгдсэнээс үүсэх хүчин зүйлс, озоны цоорол, цацраг идэвхт бодисын хаягдал, усны бохирдол гэх мэт олон өөрчлөлт байгаа билээ. Үүний дотроос хамгийн аюултай нь цацраг идэвхт бодисын хаягдал, озоны цоорол юм. Учир нь цацраг идэвхт бодисын хаягдал нь хүн амын эд эсэд нөлөөлж, хүний эрхтэн системүүдийг доголдуулдаг бөгөөд үхэлд ч хүргэх аюултай. Озоны цоорол нь хүлэмжийн хийн агууламж хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн үед үүсдэг бөгөөд озон нь нарны хэт ягаан туяаг шингээж авч чадахгүйн улмаас асар их хэт ягаан туяа дэлхийд тусдаг юм. Үүний нөлөөгөөр ургамал, амьтдын төрөл зүйлсийг мөхөөхийн хэрээр температурыг өсгөж, усанд хэт ягаан туяа нь шингэж, хүн амьтныг хордуулдаг. Одоогоор дэлхийн өмнөд туйлын ойролцоо асар том озоны цоорол байгаа бөгөөд мөн хойт туйлын зарим хэсгээр ч байгаа билээ. Үүний нөлөөгөөр туйлын мөс хайлж, далайн температур нэмэгдсэн билээ. Хэрвээ бид үүнийг одоо л зогсоохгуй юм бол байгаль дэлхий маань мөхөх болно. Хүмүүс бид өөрсдөө мөхлийн зам руугаа явж байна. Үүнийг одоо зогсоох хэрэгтэй, эсвэл хэзээ ч үгүй.

Энх-Амгалангийн ДашцэрэнНийслэлийн 48 дугаар дунд сургуулийн11 дүгээр ангийн сурагч

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүслэн(202.55.188.102) 2024 оны 05 сарын 28

Эх дэлхийгээ хайрлахыг ойлголоо

0  |  0
Top