Шийдвэр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

            Баясгалангийн Наранзул                                                                                           

/Бодлого Судлаач, ИЗНН-ын Үндэсний Хорооны гишүүн/

Иргэний Зориг намыг анхлан байгуулсан залуусын нэг нь Б.Наранзул. Тэрээр 1993-2000 онд ТИС-ийн барилга инженерийн сургуулийг бакалавр, магистрын зэрэгтэй дүүргэжээ. Мөн 2010 онд Канадын Бритиш Колумбын Их Сургуулийг Ази, номхон далайн бодлого судлал чиглэлээр магистрын зэрэг хамгаалж амжсан залуу боловсон хүчин. Тэрээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюунын туслахаас эхлээд  намын дэргэдэх Залуучуудын холбооны тэргүүн, “Зориг сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Дээрээс нь авилгалын эсрэг цуврал төслүүд, сайн засаглал, хүний эрх, ядуурлыг бууруулах болон шийдвэр гаргалтыг сайжруулах чиглэлээрхи төслүүдийг амжилттай бичиж хэрэгжүүлж байсан. Б.Наранзул нь Зүүн Хойд Азийн Залуу Лидер болон Төв Азийн Залуу Лидер хөтөлбөрүүдэд сонгогдон оролцож байсан бөгөөд ИЗНН-аас УИХ-ын сонгуульд намын  жагсаалтаар нэр дэвшиж байна.

Шийдвэр

Улс оронд гарч байгаа олон алдаа эндэгдэлтэй буруу зүйлүүд нь мэдээлэлгүй, сайн дүн шинжилгээ хийгдээгүй бодлого шийдвэрийн улмаас бий болдог.    

-Таныг шийдвэр гаргалтын талаар сонирхон судалдаг гэж сонслоо. Шийдвэр гаргалтын албан ёсны тодорхойлолт гэж юуг хэлэх вэ?

-Шийдвэр буюу шийдвэр гаргалт нь одоо хүртэл гүйцэд судлагдаагүй маш олон сэдэв, хүрээг хамардаг харьцангуй шинэ буюу анх 1950-иад оноос албан ёсоор олны анхааралд орж судлагдаж эхэлсэн шинжлэх ухаан юм. Шийдвэрийг тодорхойлсон олон тодорхойлолт байдгаас хамгийн энгийн нь “Бүлэг өөр сонголтоос хамгийн боломжтой зөв сонголт хийхийг шийдвэр гаргалт” гэх тодорхойлолтыг хэлж болно.

-Шийдвэр гаргалт олон сэдэв хүрээг хамардаг гэж хэллээ. Энэ талаар товч ойлголт өгвөл?

-Шийдвэр гаргалтыг судалдаг нилээн хэдэн салбар байна. Үүнд: сэтгэхүйн ухаан буюу сэтгэл судлал, бизнесийн удирдлага орно. Анагаахын шинжлэх ухаан ч мөн судалдаг. Гэхдээ нийгмийн шинжлэх ухаан, төрийн удирдлага яг цогц байдлаар нь шийдвэр гаргалтыг судалдаггүй. Үнэндээ нийгмийн шинжлэх ухаан, төрийн удирдлага хамгийн сайн мэдэж, ойлгосон байх ёстой зүйл гэж болно. Төр нь нийгэм улс орны, хүмүүсийн амьдралтай холбоотой, олон хүнд шууд нөлөөлөх чухал шийдвэрүүдийг байнга гаргадаг учраас энэ тал дээр их боловсорсон байх ёстой болов уу.

-Шийдвэр гаргалт яагаад өөрийн чинь сонирхлыг татах болсон талаараа товч дурьдахгүй юу?

-Би өөрөө барилгын инженерийн мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсөөд УИХ-д ажиллаж эхэлсэн. Энэ үед УИХ-ын хууль, тогтоол, шийдвэр хэрхэн гарч байгааг ойрхоноос харах боломж олдсон билээ. Хөндлөнгөөс харахад, УИХ-ын гишүүд бусад байгууллага хүмүүсээс ирж байгаа санал, бодлыг хуулиндаа цогц байдлаар нарийн судалгаа шинжилгээтэй тусгаад явах тал дээр дутагдалтай нь харагдаж байсан. Дээрээс нь хууль, тогтоол, шийдвэр салбараасаа хамаараад тус тусын мэдээлэл, статистик тоо, дүн шинжилгээний арга барил дээр тулгуурлаж гарах ёстой. Зөвхөн нэг барилгын зураг төсөл зохиоход нийт 15-17 инженер техникийн ажилтан оролцож байж чанартай, алдаагүй зураг, төсөл боловсруулахад оршино. Хэрэв алдаатай чанаргүй зураг, тооцоо гарвал энэ нь цаанаа олон хүний амь амьдралтай холбоотой амьдралын олон үнэт зүйлсийг үгүй хийх эрсдэлтэй шүү дээ.

Гэтэл нийгмийн шинжлэх ухаан, төрийн удирдлага бол үнэндээ их задгай, олон талаас нь бодож цэгнээгүй тэр хирээрээ буруу, алдаатай, эдийн засгийн алдагдалтай, ёс суртахуун, хүний эрхийн асуудлыг авч хэлэлцээгүй их л бүрхэг сэтгэлийн хөөрлөөр бүтдэг нь харагдаж байлаа. Дээрээс нь намуудын болон хувь хүний өөрийн ашиг сонирхол ороод бүр улс төржсөн шийдвэрүүд гарах жишээтэй.

-Энэ талаар тодруулбал...

-Нэг жишээ татахад: хэдэн жилийн өмнө Монголд ирсэн гадны нэг мэргэжилтэн 6 сарын 1-ний өдөр ресторанд хоол захиалахдаа 100 гр вино захиалж л дээ. Гэтэл үйлчлэгч нь өөдөөс нь хүүхдийн баяр учраас өнөөдөр бид архи зарахгүй гэжээ. Маргааш нь тэр багш бидэнд хичээл заахдаа энэ шийдвэрийг хэрхэн яаж гаргах ёстой байсан талаар товч саналаа хэлж байсан юм.  “Хэдийгээр зургадугаар сарын 1-ний хүүхдийн баярын өдөр гэж хүндэтгээд эцэг эхчүүдийг архи уулгахгүй гэсэн сайхан санааг нь ойлгож байна. Гэхдээ л нэг өдөр архи зарахгүй байхаар эцэг эх нь архинаас бүрмөсөн гарчих уу? Бүр цаашлаад ямар нэг байдлаар архи нууцаар олоод уух бол энүүхэнд. Ийм арга хэмжээ авлаа гээд жилийн бусад өдрүүдийн архины хэрэглээг хязгаарлаж чадах уу? Хоёрдугаарт, ийм шийдвэр эдийн засгийнхаа хувьд улс оронд ямар нөлөөтэй вэ? Наад зах нь архи зардаг дэлгүүр, архи пивоны үйлдвэр, зоогийн газрууд орлогоо алдснаар бас улсад төлдөг төдий хэмжээний орлого улсын төсвөөс хасагдана. Гуравт, тэгж байснаас уг өдөр архи зарахыг хориглохгүйгээр харин  орж байгаа орлогын төдөн хувийг эмзэг бүлгийн буюу, ээж, аав нь архи уудаг хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн төлөөх сан байгуулан түүнд хуримтлуулах нь ашигтай бус уу? Аль эсвэл архидалтын гол шалтгаан нь юу байна? Түүнийг хэрхэн багасгах талаар бодлого боловсруулж дэс дараатай арга хэмжээ авах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хүний эрхийг дээдлэнэ гээд манайх Үндсэн хуулиндаа заасан байдаг гээд л нэг, хоёр... гэж байгаад тэр хүн хэлж байв.

Одоо бол сар бүрийн эхний өдөрт архи зарахгүй гэсэн шийдвэр гарсан байгаа. Энэ хирээр архидалт буурч байна уу гэвэл үгүй. Архийг хүчээр хориглож байснаас архидалтыг хэрхэн багасгах талаар цогц бодлого гаргаж, арга хэмжээ авах ёстой. Хэдийгээр энэ архитай холбоотой жишээ ч гэсэн бусад олон чухал нөхцөл байдлыг олон талаас нь харж дүн шинжилгээ хийхгүйгээр шийдвэр гаргадагийг харуулж байна. Ийм маягаар наад захын зүйлүүдийг бодолцолгүйгээр сэтгэлийн хөөрлөөр шийдэж ирсэн нь нийгэмдээ ч хохиролтой, иргэддээ ч наалдацгүй явсаар олон жилийг үдэж байна. Дээрх жишээ татсан шийдвэр бодоод сэтгээд байхад нэг их хүндрэл үүсгэхгээргүй гарах хялбар шийдвэрүүдийн нэг.

-Шийдвэр гаргах ажиллагааг хэрхэн сайжруулах сэдэв рүү гээ эргээд оръё.

-Гаргах гэж байгаа шийдвэрт эхлээд зааг, түвшин тогтоох хэрэгтэй. Ерөнхийд нь стратегийн буюу удаан хугацаандаа баримтлах гол үндсэн зарчим бодлого, үнэт чанар, ач холбогдыг нь эрэмбэлсэн байх нь чухал.

Мөн тактикийн шийдвэр гэх стратегийн шийдвэрээ биелүүлэхэд шаардлагатай дагалдах дунд хугацааны бодлого, шийдвэр байх ёстой.

Эцэст нь тактикийн шийдвэрээ дэмжсэн сүүлийн шат буюу өдөр тутмын шийдвэрүүд байх ёстой. Сайн бодлого, сайн шийдвэрүүдийг гаргахын тулд олон талаас нь бодож тооцоолсон бүгд уялдаа холбоотой байх хэрэгтэй юм.

Шийдвэр нь хувь хүний, байгууллагын, үндэстний хэмжээний болон олон улсын гэж хуваагддаг. Мөн шийдвэр нь байгууллага, секторын ямар түвшинд гарч байгаагаасаа шалтгаалаад арга барил нь өөр өөр байна. Тухайлбал, ямар аргачлалаар, ямар хүмүүсийн оролцоог хангах, ямар асуудлууд шийдэгдэх ёстой гэдгийг мөн л нарийвчлан бодолцох нь чухал. Ямар төрлийн мэдээлэл орох болон ямар дүн шинжилгээний аргыг ашиглах ёстой вэ гэсэн асуудал байна. Жишээлбэл, шинжлэх ухааны мэдээлэл, эдийн засгийн үр ашиг, өв уламжлал, зан заншил, ёс суртахууны үнэт зүйлс дээр нь нийгэм, улс төрийн мөн байгаль орчны нөлөөллийг бодолцсон эсэх, цааш нь хувь хүний болон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол сөрөг байдлаар тусгагдсан байна уу үгүй юу гээд л урт жагсаалт байх ёстой.

Ер нь бол сайн шийдвэр гаргах гадаад нөхцөл нь байгууллагын зөв бүтэц зохион байгуулалт юм. Хэдийгээр байгууллагын бүтэц сайн байсан ч шийдвэр гаргах арга зүй, технологууд байхгүй бол бас зөв сайн шийдвэр гарах магадлал буурна гэдгийг мартаж болохгүй.  

Төрийн байгууллагууд буюу УИХ нь шийдвэр гаргахдаа дараах байгууллагуудын оролцоо байх хэрэгтэй юм. Иргэдийн болон иргэний нийгмийн санал бодол (иргэд, ТББ, сонирхлын бүлгүүд, лобби бүлгүүд), судалгаа шинжилгээ (тинк-танк, шинжлэх ухааны байгууллагууд, бодлогын судалгааны төвүүд), намын бодлого (мөрийн хөтөлбөр, нарийвчлан боловсруулсан бодлого, намын бүлгийн судалгаа шинжилгээ), УИХ-ын байнгын хороо (албаныхны судалгаа дүгнэлт), номын сангийн буюу УИХ-ын дэргэдэх дахь судалгааны баг (аман болон бичгээр хүсэлтээ тавьж болдог), олон улсын донор буюу мэргэжлийн байгууллагын санал зөвлөмж гэх мэт олон эх үүсвэрээс санал бодлыг авсан байх ёстой.   

Энэ олны санаа бодлыг ганц шийдвэртээ тусгах нь хүнд юм шиг санагдаж байгаа ч шийдвэрийн арга барилуудаа мэддэг байгууллагад нэг их хүнд асуудал биш. Гол нь дүн шинжилгээ хийх ажил нь үлдэж байгаа гэсэн үг юм. Харин ингэж хийгдсэн шийдвэр нь хүндээ, иргэндээ ойр, хэрэгжүүлэхэд хялбар, сонирхлын бүлгүүд нь өөрсдөө санал бодлоо тусгасан учраас хэрэгжүүлэх сонирхолтой  бөгөөд  түүнийг шинчлэн сайжруулаад явах боломжтой болно.  

Монголд ийм цогц байдлаар шийдвэр гаргадаг байгууллага байна уу?

Манайх хэдийгээр ардчилсан институцтай ч  одоохондоо ийм байдлаар шийдвэр гаргадаг төрийн байгууллага олон биш. Ардчилсан төрийн байгууллагууд иргэдийн санал бодлыг хууль, шийдвэртээ оруулж байх ёстой. Одоогоор зөвхөн Ерөнхийлөгч л хажуудаа  иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор иргэний танхимыг байгуулан ажиллаж байна. УИХ-д энэ тогтолцоо байхгүй. Хэрэв иргэдээ сонсохгүй институцууд байвал эргээд тэр нь нийгэмдээ муугаар нөлөөлнө. Мэдээллийн урсгал хумигдана, иргэдээ сонсохгүй төрийг иргэд нь ойлгохоосоо илүү шүүмжилнэ, хардана. Төр ямар ч байсан мэдээллээ байнга ил тод нээлттэй байлгаж байж л иргэд зөв мэдээлэлтэй болно. Монголд одоо мэдээлэл их замбараагүй аль нь зөв аль нь бурууг ялгаж салгахад хэцүү, дээрээс нь төр мэдээллээ шинэчлэхгүй, тараалт муу болохоор иргэд төөрөгдөж, төрөө буруу, муу зүйл хийж байна, идэж ууж байна гэж хардсан байдал ажиглагдаж байна. Хардсан ард иргэд нь төрийн ажлыг байнга шүүмжлэх нь аргагүй шүү дээ. Тэдний дуу хоолойг сонсоогүй, аль эсвэл мэдээллээ нуун дарагдуулсан учир олон эвсэл хөдөлгөөн, эсэргүүцэл гарч ирэлгүй яахав. Тэр хирээр төрийн ажил явагдах процесс хүндэрнэ. Тийм ч учраас төр нь иргэддээ ойр байж, тэдний саналыг сонсож, цөөн хэдэн хүн, хэсэг бүлгийн болон ганц намын төлөөх эрх ашгийг дангаар тусгасан бодлого, шийдвэр гаргахгүй байх нь чухал юм. Ер нь бол мэдээлэл сайн байх тусам хүмүүсийн мэдээлэл олж аван түүнийг шүүн тунгаахын хирээрээ мэдээллийн чанар сайжрах, хууль, бодлого, шийдвэр сайжрах магадлал өндөртэй. Мөн мэдээлэл хангалттай, чанартай байх тусмаа түүнд дүн шинжилгээ хийх судлаачид болон шийдвэр гаргагчдын шийдвэр гаргах чадвар нь дагаад сайжирна. Иргэдийн оролцоо багасах тусам бодлого, шийдвэрийн чанар муудаж, хууль хэрэгжүүлэх явц удаашрах, эсвэл бүр хэрэгжүүлэх сонирхолгүй болно.

Би өөрийн сонирхлын дагуу эхлээд УИХ-н буюу бусад орнуудын Парламентийн хууль, бодлого, шийдвэр гаргах байгууллагын бүтэц талаас нь Английн Вестминстерийн систем, Европын Холбооны хууль тогтоомж шийдвэр гаргах бүтэц, Тайваний Хууль тогтоох байгууллага, болон АНУ-ын Сенатын хяналтын системийг харьцуулан судалж байсан юм. Эдгээр судалгааг хийх явцдаа улс орны суурь улс төрийн нөхцөл байдал, үндэстний онцлог шийдвэр гаргалтад их нөлөөлдгийг мэдэж авлаа. Британид шийдвэрийг нарийн хяналттай гаргадаг, иргэдийн оролцоо сайн байгаа бол Тайваньд үзэл бодлын болон үндэстэн хоорондын томоохон зөрчилтэй учраас шийдвэр гаргахад нэлээд түвэгтэй мэт. Харин Монгол улс иргэдийг талцуулж буй суурь томоохон зөрчил байхгүй учир шийдвэр сайн гарах бололцоотой.

-Шийдвэрийг гаргагч нь зөвхөн өөртөө зориулан түүнийг хийсэн мэт сэтгэгдэл төрөх юм...

-Би энэ шинжлэх ухааныг сонирхож эхлээд нэг сонирхолтой зүйлийг мэдэж авсан юм. Ихэнхи хувь хүн бусдад биш зөвхөн өөртөө, албан байгууллага мөн адил, хувийн сектор бас зөвхөн өөртөө, улс орнууд ч зөвхөн өөрийн улсдаа хамгийн хэрэгтэй зөв сонголт, чухал гэсэн шийдвэрийг гаргадаг болж таараад байна. Ийм тохиолдолд онол талаас нь бүгдэд тохирсон хамгийн зөв сайн шийдвэр гаргах магадлал маш бага. Дээрээс нь эдгээр шийдвэрүүд нь түвшин бүртээ өөрөө өөртэйгөө зөрчилдөөд явж байна гэсэн үг. Херберт Саймон гэдэг эрдэмтэн “Хязгаарлагдмал рациональ  шинж буюу хүний өөрийн мэдээлэл боловсруулах хязгаарын талаар тодорхойлж хүмүүс ухаалгаар сонгох буюу нягтлан шалгаад шийдвэрээ гаргана гэхдээ хүн өөрт заяагдсан мэдээлэл боловсруулах хязгаарлагдмал чадварын хүрээнд хязгаарлагдмал судалгаа шинжилгээ болон тооцоолол, дүн шинжилгээнд тулгуурлан шийдвэр гаргадаг” гэсэн онолыг 1957 онд дэвшүүлээд Нобелийн шагнал хүртсэн түүх бий. Энэ онолын дагуу шийдвэр нь хүний өгөгдсөн хязгаарлагдмал ухаан, мэдээлэл, боловсруулалт, тооцооллын хэм хэмжээнд боловсрогдож сайн болох магадлал буурна. Хэрэв үүнийг нэг талын хүчин зүйл гэж үзвэл нөгөө талаасаа хувь хүний, намын, бусад байгууллага, хувийн хэвшил, улс орны гэх мэт байнгын “өөрсдийн төлөөх” мөнхийн ашиг сонирхлоор хамгийн ухаалаг шийдвэр гарах магадлал нь улам багасаж байна. Ингээд л түвшин түвшиндөө шийдвэрүүд нь уялдаа холбоогүй байнга хоорондоо зөрчилдөөнтэй байгаа нь харагдаж буй.

Тухайлбал бид Таван Толгойг ашиглалтад авч эдийн засгийн эргэлтэд оруулж улс орноо хөгжүүлье, хүн амаа ядуурлаас гаргая гээд л явж байгаа, үнэндээ энэ зөвхөн Монголд л эдийн засгийн хувьд ашигтай шийдвэр болохоос бус нүүрс нь нүүрстөрөгчийн исэл, азот, мөнгөн ус, хүхрийн ислийг ихээр ялгаруулан агаар мандалд цацаж дэлхийн дулааралд хувь нэмэр оруулдаг,  экологийн хувьд болон хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг гэх бидний мэдэх хор нөлөөтэй тэмцэхэд тустай шийдвэр биш. Харин сэргээгдэх эрчим хүчийг Монголдоо эрчимтэй хөгжүүлье гэвэл харин ч бусдыгаа болон өөрсдийгөө ч бодсон зөв сонголт биш үү?

Өөр нэг жишээ, бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гээд л ноолууран бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэх, экспортлох бодлого баримталж байна. Тэр хирээрээ бид Монгол орны цөлжилтийг дэмжиж байна. Ноолуураа борлуулах гэсэн малчид ямаагаа илүү өсгөөд одоо 40-70 зарим газарт 100 хувийн ямаан сүрэг бэлчиж байна шүү дээ. Тэр хирээрээ цөлжилт ихсэж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ байдлаараа явбал бид цөлжилтийг дийлэхээ болино. Бид өөрсдийн гараар сайхан амьдрах орчноо одооноос устгаж эхэлж байна гэсэн үг. Цөлжилт ихсэж, усгүй болох нь цаашдаа ямар үр дагавартайг бүгд л мэдэж байгаа. Мал маллах өвс ургамалгүй болно, малгүй болохын хирээр ядуурал ихсэж, хот суурин руу нүүдэллэх хүмүүсийн тоог нэмэгдэнэ. Зөвхөн ганц ноолуурын бодлогын ард л ямар үр дүн гарч болох талаар хэлэхэд ийм байна.

Манай улс төрийн хоёр том хүчний сэтгэлийн хөөрлөөр гаргасан олон төрлийн халамжийн мөнгөн амлалтууд гэсэн нэг “шийдвэр” байна. Мөнгө тарааснаар нийгэмд ямар хохирол учирч болох вэ гэж бодоод үз л дээ. Иргэдийн дунд бэлэнчлэх сэтгэлгээг шууд бий болгож байна. Төр надад манай гэр бүлд мөнгө өгч байгаа учир би ажил хийх шаардлагагүй, халамжийн мөнгөөр амьдраад байж болно гэж бодож байна. Хоёрт, бид зөв зүйлдээ тухайлбал ажлын байр бий болгох салбартаа хангалттай мөнгө зарцуулах боломжгүй болж байна. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, шинжлэх ухааны ололт, техник технологи гэх мэт уул уурхайн хөгжлийн хажуугаар Монголыг ирээдүйд авч явах салбаруудаа бид одооноос л бэлтгэн сайжруулж суух ёстой бус уу? Гуравт, иргэдийг боловсролгүй, тэр хэрээрээ буруу сонголт хийдэг, улс төрийн намуудын популист амлалтанд амархан хууртагдах боломжтой, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгохын төлөө зориудаар ажиллаж байна гэж ойлгож болохоор.

-Сүүлийн үед Монголын уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалт, олборлолт эдийн засгийг түлхэх гол хүчин болж байна. Уул уурхайтай холбоотой шийдвэр ер нь хэрхэн гарч байх ёстой гэж Та бодож байна вэ?

-Томоохон уул уурхайг ажиллаж эхлүүлэхийн өмнө техник эдийн засгийн үнэлгээг гаргадаг ч гэсэн дараагийн ямар алхамуудыг төрөөс хийх ёстой вэ? гэх мэтийн олон асуудал гарна.  Уул уурхайн нэг томоохон компани тал нутагт эрдэс баялаг ашиглахаар боллоо гээд төртэй гэрээ хийх саналаа өгөхөд нь төр зэрэгцээд үр ашиг, зардлын тооцоо буюу нийгэм эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн олон талын тооцоо хийж үзэх ёстой. Төр нэг ёсны харьцуулсан судалгаа хийх ёстой юм. Тэр компаний санал болгож байгаа техник эдийн засгийн үзүүлэлтийг нь харж байгаад хэдий хэмжээний орлого хэдий хугацаанд улсад орж ирэх вэ? Уул уурхай ажиллуулах тэр орлого улсаас гарч байгаа зардлыг хангалттай нөхөж чадах уу ч гэх юм уу. Жишээлбэл, тэр уурхайд хэдэн хүн албан ёсоор ажиллахаар ирэх вэ? Хэдэн жилийн дараа хэд болж нэмэгдэх магадлалтай вэ? Тэр хирээр төрийн үйлчилгээгээ иргэддээ хүргэх шаардлагатай болно. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, гал команд, цагдаа, төрийн бусад үйлчилгээ нэмэгдэнэ тэдгээр ажилчдын цалин хөлсийг төлөхөд улсаас хэр их мөнгө гарах вэ гээд л жил жилээр нь нарийвчлан бодож тооцох ёстой. Үүнийгээ дагаад эрчим хүч, дулааны станц, зам, гүүр, барилга, төмөр зам гэх мэт дэд бүтцийн асуудлууд үүснэ. Дээрээс нь тэр уул уурхайн байгаль орчинд болон нутгийн ард иргэдэд хэрхэн нөлөөлөх, иргэд ажилтай болж чадах уу, мөн эмзэг бүлэг буюу өндөр настан хүмүүс, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ, олон жил амьжиргааны эх үүсвэр болж явсан мал аж ахуй нь өөрчлөгдөнө шүү дээ. Хүн үүнд хэдий хугацаанд дасан зохицох боломжтой вэ. Тэдгээр асуудлыг зөвхөн тэр компанид нь даатгаад үлдээхгүй төр өөрсдийн оролцоотой, санаа тавиад хамтраад шийдээд явдаг байх ёстой болов уу. Алсын ирээдүйд, уурхай хэдэн жилийн настай вэ. Уурхай хаагдахад энд ирж ажиллаж амьдарч байсан иргэд хаачих вэ, өөр ажил бизнес хийгээд тэр газраа амьдрах боломжтой юу. Уурхай хаагдсаны дараа ямар салбар, чиглэл энэ хотыг цааш нь үргэлжүүлэн авч явах вэ гээд тэр газрыг хэнд ч хэрэггүй хаягдмал балгас болгохгүйн тулд эртнээс дагалдах салбарыг тодорхойлоод, хөгжүүлээд явах ёстой болно. Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил ч гэсэн чухал. Байгалийг унаган байдлаар нь дахин сэргээх ажлыг эртнээс төлөвлөгөөтэй эхлүүлэх  ёстой. Бид Оюу толгой, Таван толгой тухай нилээн эртнээс ярьж байгаа аль зах зээл рүү бүтээгдэхүүнээ экспортлох вэ гээд стратегийн чухал шийдвэрүүд төмөр зам, хар замаа хэрхэн барих вэ гээд л энэ бүхнийг ажил эхлэхээс өмнө чиг зүгээ гаргаад шийдчих хэрэгтэй. Манайх энэ чиглэлээр боловсон хүчнээ олноор бэлтгэж эхлэх цаг иржээ. Мөн энэ бүх зүйлийг төр эхнээс нь хуульчилж зөв замд оруулах ёстой. Тэгэхгүй бол уул уурхайн бодлого нь замбараагүй иргэддээ хүрэхгүй явах магадлал үүснэ.

Нөгөө талаар уул уурхайн баялагаа бүгдийг нь ашиглахын төлөө бас хэт хичээх хэрэггүй. Тухайн үедээ өндөр хөгжилтэй байсан соёл иргэншлүүд яагаад ямар ч ул мөргүй устаж үгүй болсон талаар  мэргэжилтнүүд судлаад тэд өөрсдийн байгалийн баялагаа юу ч үгүй болтол ашиглаж дуусаад экологийн сүйрлийн улмаас устсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг юм байна лээ.   

-Манайх эдийн засгийн өсөлт 17.6 боллоо, нэг хүнд ноогдох ДНБ өсөлт 17 хувь болжээ гээд их ярьж байна. Энэ өсөлт хүндээ наалдаж өгөхгүй байгаа юм шиг?

-Сүүлийн үед дотоодын нийт бүтээгдэхүүний талаарх дэлхий нийтийн үзэл бодол чиг хандлага өөрчлөгдөж байна. Эрдэмтэд ДНБ гэсэн нэр томьёог залруулан хүндээ илүү наалдацтай өөр үнэлгээний аргыг гаргахаар бэлдэж байна. ДНБ-ний өсөлт нь нэг талаараа сайхан мэдээ ч ДНБ нь хорогдон буурч байгаа зарим үзүүлэлтүүд буюу нийгмийн сөрөг талуудыг ялган харуулж чаддаггүй.  Мөн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтворгүй байдлыг өөртөө тусган харуулдаггүй. ДНБ нь нөхөн сэргээгдэхгүй уул уурхайн баялагийн хорогдол, байгаль орчны бохирдлыг тооцдоггүй. Мөн гэмт хэргийн өсөлт түүний нийгэмд учруулж буй хор хөнөөл, гэр бүл салалт, ажилгүйдэл, санамсаргүй гай гамшгаас үүдсэн хохирол, автотехникийн ослоос нийгэмд учирч буй олон төрлийн хохирол болон зардал, түүнчлэн төрөл бүрийн шалтгаанаас үүдсэн өвчлөлт, хүний амь нас, эмнэлгийн үйлчилгээ түүнд улсаас зарцуулж буй зардал, түүнчлэн усны, агаарын болон чимээний бохирдлын хүн амьтанд нөлөөлж буй сөрөг нөлөөлөл, дайжилт, цөлжилт, ой мод устгал, урт хугацааны байгаль орчны сүйрэл үүнээс үүдсэн хүн амын эрүүл мэндийн доройтол зэргийг тусган харуулдаггүй.  Иймд бид эдийн засаг, ДНБ маань үсрэнгүй хөгжиж байна гэсэн тоог хий шүтэхээс илүү түүнийг даган ирж буй олон сөрөг нөлөөллийг тооцон бодитоор харж түүнээс сэргийлэх арга хэмжээг авч эхлэх хэрэгтэй юм.

-Танай нам авлигын талаар нэлээн эртнээс ярьж эхэлсэн. Та мөн авлигын эсрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан юм байна. Энэ талаар...

-Сүүлийн хэдэн жилд авлигыг хэрхэн бууруулах вэ гээд нийгэм олон талаас нь ярьж байна.  Авлига авсан албан тушаалтнуудын хэргийг авч хэлэлцэж эхэлж байгаа нь хэдий зөв ч бас зарим зүйлүүдийг орхигдуулахгүй байх нь зөв. Монголд зөвхөн авлигын том хэрэг буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авсан, өгсөн авлигын хэргийг голчлон ярьж байна. Хэдий тийм ч авлига ихтэй салбарууд бас олон байна. Боловсролын, эрүүл мэндийн, мөн төрөл бүрийн лиценз, тендерийн асуудлууд гэх мэт. Зориг санд ажиллаж байхдаа Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр тэр үедээ хамгийн их авлигатай салбар байсан гаалийн албаны үйл ажиллагаанд хэсэг нөхдийн хамт мониторинг хийж байсан юм.  Мөн авилгалын эсрэг нэлээн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бүх хугацаанд авилгалын талаар ойлголттой болсон зүйл бол авилга ихтэй салбар бүрийг нарийвчлан судлах хэрэгтэй, авилга их олон хэлбэрээр оршдог. Авилга авч өгөх тэр нөхцлийг бий болгож байгаа ямар факторууд байна вэ гэдгийг нарийвчлан судалж гаргаж ирэх хэрэгтэй. Үүний дараа тэр факторуудыг хэрхэн засаж сайжруулах вэ гэдэг шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Тэр авилгатай салбаруудад давтагдаж буй авилга үүсгэгч хэд хэдэн факторууд байж болно. Түүнийг цогц байдлаар судлаад, шийдлийг нь хуульчлаад өгөх хэрэгтэй. Түүнээс биш олон улсын байгууллагуудаас ирж буй конвенци, мөрдлөгүүдийг шууд хуулан хэрэгжүүлнэ гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл тэр мөрдлөгө зарчмуудыг гаргаж буй улс орнууд бүгд өөрсдийн гэсэн ёс, зан заншилтай, өөр менталиттай, өөр улс төр, эдийн засгийн системтэй байдаг. Бидэнд шууд буухгүй. Тийм учраас бид өөрсдөө дотроосоо шийдлээ гаргах ёстой. Жишээ нь боловсролын салбарын авилга байна, жижигхэн гээд хэн ч тоодоггүй: сурагч оюутнууд өөрсдийн дүнгээ мөнгөөр болон бусад байдлаар худалдаж авснаар чадал сайтай ч мөнгө багатай бусад сурагчдад эрх тэгш өрсөлдөөн үгүй болж суралцах хүсэл эрмэлзлийг үгүй хийнэ гэсэн үг. Үүнээс үүдэн зөвхөн мөнгөтэй нь дуртай дүнгээ худалдан авах жишиг тогтооно. Цаашлан хүүхдүүдийг ажилд авахдаа бид голчлон сурлагын дүн, дипломыг харж байж хамгийн сайн шилдгийг нь сонгон авдаг энэ хирээр бид чанаргүй барааг хүчээр авч байна гэсэн үг. Энэ хирээр мэдлэг, чадвартай боловсон хүчин дутагдаж хөдөлмөрийн зах зээл чанаргүй боловсон хүчнээр дүүрнэ гэсэн үг. Мөн өөрийн чадлаар мэдлэг боловсрол олж авах гэсэн чин хүсэл эрмэлзэл залуучуудын дунд байхгүй болж нийгэмд буруу жишиг тогтож, улс орны хөгжилд муугаар нөлөөлнө шүү дээ.

-Та шийдвэр гаргалт Монголд яагаад сайн байж чадахгүй байгаагийн учир шалтгааныг юу гэж бодож байна.

-Нэг дэхь гол шалтгаан нь ардчилсан институцуудыг анхлан байгуулж байх явцад ямар нэгэн урьдчилсан нөхцөл шаардлагагүйгээр олон тооны хууль, бодлогыг бусад орнуудаас шууд хуулан оруулж ирсэн практик нь эргээд ардчилсан зарчмаар зөв шийдвэр гаргах бодлогыг алдагдуулсан гэж бодож байна. Манайд 1992-1998 онуудад 180 орчим бие даасан хууль, 200 гаруй нэмэлт өөрчлөлтүүд гарган, 60 гаруй олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн гэсэн тоо баримт байдаг юм байна лээ. Социалист системээр 70 жил явсан, зөвхөн дээрээс бодлого шийдвэрээр хангаж байсан тэр байдалдаа дассан, өөрсдийн оролцоог бодлого, шийдвэр хуулиндаа оруулах туршлага байхгүйгээр энэ бүх хуулийг бараг шууд хуулан авсаны дээр иргэдийн оролцоо хангалтгүй байсан юм.  

Хоёр дахь гол шалтгаан нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал гэж бодож байна. Намууд сонгуульд ялалт байгуулахын тулд чадалтай боловсон хүчнээ сойх биш мөнгөтэй хүмүүсийг ихээр татан оруулж, хүссэн албан тушаалыг нь өгдөг болсон. Тэр хирээр хүмүүс өөрсдийн зарсан мөнгөө нөхөн олох, мөн өөрсдийн багийг бүрдүүлэхийн тулд мэргэжлийн биш аль эсвэл хамаатан садан, найз нөхөд, танил талаа төрийн байгууллагуудад олноор оруулж ирдэг. Ажлаа сайн мэдэхгүй хүмүүс юу хийх вэ. Эхний хоёр жил ажилдаа дасах гэж хичээнэ. Сүүлийн хоёр жил ажилдаа дасаж эхлээд байтал сонгууль болоод албан тушаалаасаа өөрчлөгдөнө. Тэгээд ч мэргэжлийн бус номыг нь үзэж судлаагүй хүмүүс ажилдаа зүгширтэл нэлээд хэдэн жил өнгөрнө. Тэр хүртэл үнэн сэтгэлээсээ ажилдаа хандаж, гол үнэт зүйлсдээ анхаарлаа хандуулж ажиллах хүмүүс маш цөөхөн гэж бодож байна. Тэд иргэдийг болон бусдыг үнэхээр сонсохыг хичээх үү? Бодлого, шийдвэрийг үнэхээр сайжруулахыг хичээх үү? Сайн мэдэхгүй л байна. Үүний үр дүнд төрийн байгууллагуудын чанар, чансаа нийтдээ доройтож мэргэжлийн бус танил тал, хамаатан садан хүмүүсийн сүлжээ бий болжээ. Ардчиллын зарчмаар бол сонгууль зөв хүмүүст ард олноо зөв чигт удирдах төрийн эрхийг эрхийг өгдөг бол Монголд мөнгө хөрөнгө ихтэй цөөн хэдэн хүмүүсийн гарт төрийн эрхийг бариулж байна. Энэ байдал шинэ сонгуулиар өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top