Цалингаас цалингийн хооронд амь зуудаг дундаж амьдралтай хүмүүс нийтийн тээвэр буюу "Ард түмний унаа"-гаар зорчдог. Хөл дээрээ гишгүүлэх, шахуулах, “дархан цаазтай газар”-т минь шүргэх, хүрэхийг алийг тэр гэхэв дээ гэсэн шүү юм бодон тоолгүй орхидог. Гэхдээ хааяа үнэхээр эгдүү хүргэсэн зүйлс таардгийг дуугүй өнгөрч болмооргүй санагдлаа. Ингээд эвгүй санагдсан зүйлсийг өгүүлсү.
- Залуучууд хэчнээн ядарч байлаа ч ахмад, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суудал тавиад өгчихмөөр байгаа юм. Бид ч гэсэн хэзээ нэгэн цагт хөгширч л таараа. Тэр үед “бацаан”-ууд суудал тавьж өгөхгүй бол уур чинь хүрнэ гэдгийг нэг бодоод үзээрэй. Өнөөдөр өглөө нэг хүүхэн ичих ч үгүй буруу хараад, нүүрээ будаад л суугаад байсан. Хүн чанараа хаана гээчихсэн юм гээд загнамаар санагдсан ч ашгүй аав ээжийн минь үеийн нэгэн зорчигч өнөөх бүсгүйг загнаж ахмадыг суулгасан. Ийм шаардлагыг бусдадаа тавих нь зүйтэй болов уу.
- Хэн нэгнийг түлхэж, хөл дээр гишгэсэн л бол заавал уучлалт гуйж сурмаар. Өглөө гутлаа арчиж, тослоод гарахад автобусанд хайр найргүй гишгүүлнэ. Ер нь Монголчууд хэн нэгний хөлөн дээр санаандгүй гишгэсэн бол уучлаарай гээд гар барьдаг. Тэгтэл гар барих нь битгий хэл үл мэдэгчийн дүр эсгэнэ. Уг нь аятайхан уучлалт гуйх нь тийм ч хэцүү зүйл биш.
- Бохь зажлах тун ч дуртай нөхөд бас байнаа. Өмнөө зогсоо нэгний чихэн дээр чад, пад хийтэл дуугаргана. Дуугаргаж зажлах өөрт нь тааламжтай байж болно. Гэхдээ бусдад төвөг удмааргүй санагдана. Уул шугамандаа бохийг амны хөндийг цэвэрлэхийн тулд хоолны дараа 2-3 минут л зажилдаг болохоос амтыг нь гарч гашилтал нь зажилдаггүй л юм билээ. Алдааг нь хэлбэл гөжүүд үхэр шиг улам дуугаргаж, хялав зэхэв хийхийг яана.
- Шахцалдааныг ашиглан эмэгтэй хүний "дархан цаазтай газар”-т хүрэх, налж зогсох, түших дуртай гаж донтнууд их болжээ. Тэгж элэг баригчдыг уг нь цохиод авмаар санагддаг юм.
- Согтуу нөхдүүд нийтийн тээврээр оройн цагаар их үйлчлүүлнээ. Архидан согтуурагчид дуугүй явахгүй орилно, загнана, агсам тавина, бусадтай хэрэлдэнэ. Хамгийн муухай нь бөөлжиж, бие засч орхих нь энүүхэнд. Ингээд автобусаар нэг эвгүй үнэр...
- Харин нийтийн тээврийнхэнд зорчигч олноо төлөөлөн хэдэн зүйлийг онцолж хэлмээр байна. Автобусны буудал бүрт автобусны чиглэл, дугаарыг заасан самбар байрлуулмаар санагдсан. Мөн автобусны жолооч нар нэг нэгнээ шахан уралдаж, буудал дээр зорчигдыг бууж суух завдал өгөлгүй чирэх нь халаг давхидаг. Бас албаар тормослож зорчигчдыг урагш шахдаг үйлдлээ больчихвол ямар вэ?
- Жолооч автобус барьж байхдаа самар чөмөх, утсаар удаан ярьдаг. Олон хүн тээвэрлэж байгаа хүн үүнээсээ болоод хариуцлагагүй үйлдэл гаргахыг хэн байг гэх вэ.
Харин уншигч та дээрх зүйлсийг мөрдөөд, хажуудаа яваа нэгэндээ дээрх шаардлагыг тавиад явчихбал нийтийн тээвэр маань бага ч гэсэн өөдлөх биз ээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )