Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нийслэлд баригдаж байгаа барилга, орон сууц, шугам сүлжээний ажилтай амралтын өдрүүдэд танилцжээ. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нийслэлийн гэр хороололд амьдарч буй 180 гаруй мянган айл өрхийг дулаан, цэвэр усны шугамд холбох ажилд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.
Налайх, Баянзүрхийн чиглэлд 2009 онд тавигдсан бохир усыг Төв цэвэрлэх байгууламжтай холбох шугамын ажилтай эхлээд танилцжээ. Налайх дүүрэг байгуулагдсанаас хойш бохир усаа Туул голд асгаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх зорилгоор 2009 онд бохир усыг Төв цэвэрлэх байгууламж руу шууд холбох шугам татсан байна. Энэ ажлыг ирэх сарын 15-нд Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах гэнэ. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй XIV, VII хороолол, Яармагийн гүүр орчмын орон сууцны хороолол, Буянт-Ухаа-Шинэ Яармагийн чиглэлд баригдаж буй орон сууц, Баянголын амны орон сууц зэрэг барилгын барилга угсралт, шугам сүлжээтэй танилцав.
Дээрх орон сууцнуудаас ОССК-иас захиалга өгч бариулж байгаа Буянт-Ухаа-Шинэ Яармаг орон сууцны хорооллын метр кв-ын үнэ 850 мянган төгрөг байгаа нь зах зээл дээр байгаа хамгийн хямд үнэ юм байна. Тус хорооллын газар, дэд бүтцийн улсаас шийдвэрлэж өгсөн болохоор орон сууцны үнэ хямд байгаа аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )