Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор томоохон захуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. "Нарантуул" ОУХТ энэ сарын 27-ноос 12.00-21.00 цаг хүртэл ажиллахаар болсон билээ. Тиймээс энэ цагийн хуваарийн талаар "Нарантуул" захын түрээслэгчид болон үйлчлүүлэгчдийн санал бодлыг тодруулахаар тус газрыг зорилоо. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учраас захын хөл хөдөлгөөн нэлээдгүй, захын наймаачид завгүй байв. Сурагчдын дүрэмт хувцасны тасгийн худалдаачнаас цагийн хуваарийн талаар тодруулах гэтэл “мөнгө өгөх юмуу” хэмээн халгаасангүй. Харин гар хийцний булигар гутлын лангууг түрээслэгч П.Баярмагнайтай цөөн хором ярилцлаа.

-"Нарантуул" захын цагийн хуваарьт дахин өөрчлөлт оруулсан байгаа, энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Сонин л санагдаж байна. Өмнөх цагийн хуваарь нь өглөө 07.00-16.00 хүртэл гэж байсан. Энэ нь бүүр ч худлаа. Бид чинь өглөө 07.00 цагт босч ирдэг. Тэгээд 16.00 цагийн үед хүмүүс ид бужигнаж наймаа оргил үедээ ордог. Энэ үеэр тарна гэж юу байхав дээ. Одоогийн энэ цагийн хуваарьт ч мөн адил бухимдалтай байна. Оройны 21.00 цагт тарна гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Одоо өдрөөс өдөрт эрт гэгээ тасрана. Харуй бүрийд бид наймаагаа хийгээд сууна гэж байхгүй тарах цагтаа л тарна. Өдөр 12 цагт биш 09.00 цагтаа л ирнэ. Яагаад гэвэл бид нарын гутлыг ихэвчлэн хөдөөнийхөн ирж бөөндөж авдаг. Тэр хүмүүс маань ч өглөө эрт ирж захиалгаа өгөөд эрт ажлаа амжуулаад буцаад явдаг хүмүүс. Тэгэхээр бид нарын наймаа зогсонги байдал орох гээд байна шүү дээ. Ер нь ингэж цагийн хуваарьт өөрчлөлт оруулж яах гэсэн юм бэ. Энэ цагаар нь угаасаа ажиллана гэж байхгүй, хүчээр л хаалга үүдээ хаадаггүй л юм бол.
-Томоохон захуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байгаа нь замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах зорилготой юм. Таны бодлоор ингэснээр түгжрэл багасна гэж бодож байна уу?
-Улсын байгууллагуудыг цагаар ажиллуулж болно. Бид нар харин хувийн хэвшлийн байгууллага цаг тогтоож ажиллана гэж юу байдаг юм бэ. Ингэж цагийн хуваарь өөрчлөгдлөө гээд замын түгжрэл багасахгүй. За яахав зах руу орж гарахад 30 минутад зам түгжирдэг, бусад үед зам чөлөөтэй л байдаг. "Нарантуул" түгжрэл үүсгэж байна уу гэдгийг та нар ажиглаад үзээрэй. Хэн ч орой 21.00 цагт ирж юм худалдаж авахгүй. Энэ цагийн хуваарийн хувьд бидний зүгээс бухимдалтай байна.
-"Нарантуул" захын түрээсийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн, нэмсэн үү?
-50 хувиар нэмэгдсэн. Бид өмнө нь 28 мянган төгрөг төлдөг байсан одоо харин 40 гаруй мянган төгрөг төлж байгаа. Түрээсийг 90 оноос хойш нэмээгүй байгаад одоо л нэмж байгаа учраас энэ тал дээр хүлээн зөвшөөрч байгаа.
-"Нарантуул" захын түрээслэгч нарыг нийгмийн даатгалд хамруулна гэж байсан. Та нар нийгмийн даатгалдаа хамрагдсан уу?
-Энэ талаар одоогоор мэдэж байгаа юм алга байна даа. Бид хувиараа төлдөг.



Ийнхүү түрээслэгч П.Баярмагнайтай ярилцаж байх үед хажуугийн лангууг түрээслэгч Н.Цэцэгмаа, Я.Жагар нар бодлоо хуваалцлаа. Тэд хэлэхдээ “бид энэ цагийн хуваариар ажиллана гэж байхгүй. Оройны 12-21.00 цаг хүртэл ажиллана гэдэг хэцүү. Энэ цагтаа ч тарах хүн ховор, барааг маань хүн авна гээд хүлээгээд суух хүн ч байхгүй. Дээдсүүд ер нь юугаа бодож суудаг байна аа. Бидний ажлын нөхцөл байдалтай танилцаж үзээсэй. Ард түмнийхээ амьдралыг ойлгохгүй байна. Хуучин хуваариараа л ажилламаар байна. Бид бүгд энэ цагийн хуваарийг эсэргүүцэж байна” хэмээн бухимдалтайгаар ярьж байв.
Мөн гадаах талбайг түрээслэгч нар ч эсэргүүцсэн байр сууринаас хандаж байлаа. Тэрээр жимсний лангуу түрээслэгч нэгэн эмэгтэй хэлэхдээ “Бидний хувьд хүндрэлтэй л байна. Харин өмнөх цагийн хуваарь нь боломжийн байсан. Одоо энэ өөрчлөгдсөн хуваарийн хувьд 12-21.00 цаг гэхээр цаг наргүй ажиллах болоод байна. Жимс ногоог маань захын наймаачид лангуунаасаа буугаад авдаг. Бид эдгээр наймаачдыг ажлаасаа буухыг нь хүлээсээр байтал 10.00-11.00 болно. Тэгэхээр гэртээ хэд гэж харих билээ. Ингэж захын цагийн хуваарийг өөрчилснөөрөө замын түгжрэл буурах нь юу л бол доо” хэмээн ярьж байлаа.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 1 )
onoodor sandey ajilah bolob umedej bga hvn heled ogoch