”Хичээлийн дараа-2012”-ын тайзнаа хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод хамтдаа...

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Хэдхэн хоногийн дараа оюутан сурагчдын хичээл эхлэн их хот хөдөлгөөнд орох гэж байна. Үүнтэй давхцан Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучдын нэгдсэн “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болох гэж байна.

Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА...” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт нь жил бүрийн 9 дүгээр сарын нэгэн буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулагддагийг залуус та бүхэн санаж байгаа биз. Зуны амралтаа зугаатай өнгөрөөсөн залуус, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөдөг томоохон уламжлал бүхий шоу юм. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татаж чадахуйц өвөрмөц хэлбэрээр зохиох бөгөөд оролцох хамтлаг дуучдын тоог шинэ залуу оддоор улам өргөжүүлж, тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод "Хичээлийн дараа-2012" супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчдоос Rokit Bay, Gee, Цэцээ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy”, “Honey Moon” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Ука, Баярцэцэг, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд бүжих юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.

Ингээд оюутан, сурагчдын хүсэн хүлээдэг “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болзсон газраа буюу “UB Palace”-ын “Open Air”-т, товлосон 18 цагтаа эхлэх нь.

Тоглолтын тасалбарын хувьд маргаашнаас эхлэн 5000 төгрөгийн үнэтэйгээр “UB PALACE”-аар худалдаанд гарах юм байна. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 8805-1754 утаснаас лавлах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top