Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга энэ жил гадаад, дотоодын олон арга хэмжээнд амжилттай оролцож байгаа билээ. Энэ удаад ч тэд нэгэн том уралдаанд оролцохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ нь ирэх сарын 07-12-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Ордос хотод болох “Хятад, Монголын бүжгийн гуравдугаар уралдаан” юм. Энэ талаар тус чуулгын дарга, уран сайхны удирдагч Т.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Уралдаанд оролцох гээд ажил ихтэй байна уу?
-Биднийг оролцооч гэсэн урилга долоон хоногийн өмнө ирсэн болохоор жаахан сандарч байна. Гэхдээ бүжигчид маань байнга бэлтгэл хийдэг болохоор гайгүй ээ.
-Манай улс энэ уралдаанд хэд дэх удаагаа оролцох гэж байна вэ?
-Анх удаа. Тэр тусмаа манай чуулгын уран бүтээлчид оролцох гэж байгаа болохоор надад таатай санагдаж байна.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна вэ?
-Манай чуулгын бүх бүжигчин буюу арвуулаа оролцоно. Харин ахлагчаар Монголын Урлагийн ажилтны холбооны бүжгийн нийгэмлэгийн тэргүүн Ч.Даваасүрэн явна. Урилга энэ хүнд ирсэн болохоор ахлаж явах нь зүйтэй. Харин удирдагчаар би томилогдсон.
-Бүжигчдээ танилцуулаач?
-Бүжиг дэглээч, багш М.Мөнгөнцэцэг, Ч.Сэсээрхүү, Д.Батсайхан, О.Хангайхүү, Т.Дарханбат, Т.Содгэрэл, Э.Ундрал, Б.Отгонцэцэг, Г.Түмэннасан, Н.Номин-Эрдэнэ.
-Ямар төрлийн бүжгээр өрсөлдөх вэ?
-Цэвэр натур буюу бие биелгээгээр. Мөн тайзны. Энэ нь фонаграмтайгаар бүжнэ. Энэ төрөлд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжим манай чуулгын бүжгийн багш М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Аварга зээр”-ийг сонгосон. Дараа нь “Сугсраан донж”. Энэ нь манай улсын алтан үеийнхэн бүжиж байсан бүжиг юм. Бид эртний урлагаа орчин үеийн хэлбэрт оруулж бүжиглэсэн. Хэрвээ түрүү байрын төлөө оноо тэнцвэл дахин нэг шинэ бүжиг байх ёстой болов уу гэж гэгээлэг зүйл бодоод “Харанга” хамтлагийн бүтээл “Толин хул” дууны аянд “Домог биелгээ” бүжгээ толилуулаар сонгосон. Энэ дууны аяыг бид сонгочихоод тус хамтлагийн дуучин Ц.Чулуунбатад хэлж зөвшөөрлийг нь авсан. Фоннаграм нь хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн тоглосон гитарынх нь аяыг морин хуураар сольсон.
-Тэмцээний үеэр өөр тоглолт бий юу?
-Үзүүлэх тоглолт байгаа. Энэ номерт бид Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын хоёр уран бүтээлчийг сонгосон. Тэд нэг бүжгийн номер бэлдсэн.
-Өөр улсын бүжигчид оролцохгүй юм уу?
-Олон улсын бүжгийн уралдааны журмаар зохион байгуулагдана гэсэн. Тиймээс Орос, Өвөр Монголын бүжигчид оролцоно.
-Манай бүжигчдийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Бэлтгэл хангалттай. Бид эдгээр бүжгийн төрлүүдээ байнга давтаж байдаг юм чинь.
-Ч.Даваасүрэн дарга танай чуулгыг яагаад сонгосон юм бол. Бусад чуулгаас сонгож болох байлаа шүү дээ?
-Тийм. Гэхдээ манай чуулга язгуур урлаг руугаа давамгайлснаараа бусад чуулгаас давуу талтай. Энэ байдал маань Ч.Даваасүрэн даргад таалагдсан байх. Дарга “Би танай чуулгыг сонголоо шүү. Та нар түрүүлнэ л гэж оролцоорой” гэж хэлсэн. Бид ч хичээнэ ээ.
-Танай чуулгаар өөр сонин сайхан их биз дээ?
-Өнгөрсөн гуравдугаар сард Германд үзэсгэлэн болсон шүү дээ. Түүнд оролцсон. Мөн яг одоо Итали улсад дуучин Г.Бямбажаргал ардын урлагаа толилуулаад явж байгаа. Түүнчлэн БНСУ-д гурван уран бүтээлч ардын урлагаа сурталчилж байгаа бол гурав нь мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа. Ирэх аравдугаар сард Японд нэг уралдаан болно. Түүнд таван уран бүтээлч оролцоно.
-Энэ мэтчилэн уралдаанд оролцоход замын зардлаа та нар хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Янз бүр. Урилгаар оролцох үед ихэвчлэн зохион байгуулагч орон нь хариуцдаг. Тэмцээнд оролцоход л бэрхшээлтэй. Жишээ нь бидний дээр ярьсан Ордост болох уралдааны хувьд биднийг замынхаа зардлыг даагаарай гэсэн. Гэхдээ Эрээн хот хүртэлх л дээ. Цааших зардал, хоол, байрыг зохион байгуулагч орон хариуцна.
У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )