Жил бүрийн намар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор дүрэмт хувцасны худалдаа ихэсдэг. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлээд багагүй хугацаа үдэж, танил болсон Бат-Зүү компанийн хувцсыг хуурамчаар үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэл хийсэн юм. Энэ тухай болон цаг үетэй холбоотой асуудлаар тус компанийн захирал Ж.Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Хуурамч дүрэмт хувцас үйлдвэрлээд танай компанийн нэрээр худалдаж байсан гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Тиймээ. Бат-Зүү компанийн дүрэмт хувцсыг хуурамчаар үйлдвэрлээд Нарантуул зах дээр зарж байсан байна. Түүнээс иргэд худалдаж аваад багагүй хэл, ам гараад байгаа. Хамгийн гол нь иргэдийг нэрийн барааны дэлгүүрээс худалдаж авахыг хүсмээр байна. Нэрийн барааны дэлгүүрүүддээ бөөний үнээрээ буюу бага ангийн дүрэмт хувцас 25 мянга бол ахлах ангийн дүрэмт хувцас 30 мянгаар худалдаа хийхийг зөвлөе. Тийм учраас захуудаар компанийн нэр барьсан худалдаа явагдаж байгаа юм байна. Манай үйлдвэрлэж байгаа дүрэмт хувцсыг Нарантуул болон аймгуудын захаас худалдаж авах боломжгүй гэж хэлэх гэсэн юм.
-Танай компани нийслэлийн хэдэн сургуулийг дүрэмт хувцсаар хангадаг вэ?
-Тоогоор хэлэх боломжгүй л дээ. Ангиараа, сургуулиараа, аймаг, сумаараа захиалж байгаа. Бат-Зүү компани БНХАУ-ын нано технологиор үйлдвэрлэгдсэн тусгай материалаар хийдэг. Дүрэмт хувцсаа заавал том хүнийх шиг наалттай биш, дотортой, дулаан материалаар үйлдвэрлэж эхэллээ. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдийн таашаалд нийцэж байгаа юм.
-Ер нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг хэдэн компани байдаг юм бэ?
-Яг нарийн тоогоор хэлж мэдэхгүй. Миний мэдэхээр нийслэлд гурав, дөрөв орчим байдаг.
-Дүрэмт хувцсыг Хятад улсаас их хэмжээгээр авчирч худалдаалж байгаа гэсэн. Үнийн хувьд танай компанийнхаас хэр зөрүүтэй байна вэ?
-Мэдээж материалын хувьд муу учраас хямдхан шүү дээ. Хямд л гэж ойлгож байгаа. Хөдөө орон нутгийнхан хямд үнээр худалдаж авахыг чухалчилдаг. Тийм учраас бид хөнгөн, дулаан дүрэмт хувцсыг хямд үнээр худалдаалах бодлого барьж байгаа. Хамгийн хямд нь Бат-Зүү компанийн хувцас байгаа байх.
-Нарантуул захын үйлчлүүлэгчдийн 90 хувь нь хөдөө орон нутгийнхан. Иймд ойр гэдэг утгаараа захаасаа худалдаад авчихдаг байх. Үндэсний үйлдвэрлэгч компаниуд зах дээр нэрийн бараагаа худалдаалбал ийм асуудал үүсэхгүй биш үү?
-Бат-Зүү компани гурван жил хүсэлт тавьсан ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Лангуу олддоггүй юм билээ. Мөн Оюуны өмчийн газар, цагдаагийнхан шалгаж зохиогчийн эрхээ баталгаажуулах гээд шалгалт хийсэн. Миний мэдэхийн таван жил бараагүй. Тийм учраас хуурамч дүрэмт хувцас зарагдаж л байгаа. Бид энэ жилээс сумдад хүрч ажиллаж эхлээд байна. Сургуулиараа ч захиалгаа өгөөд байгаа.
-Ахлах ангийнхны дүрэмт хувцасны захиалга хэр ирдэг вэ?
-Тийм их ирдэггүй шүү дээ. Бага ангийн дүрэмт хувцасны захиалга л их ирдэг.
-Бат-Зүү компанийн хувцас мөн эсэхийг яаж таних вэ?
-Логогоор ялгаж болно. Хамгийн гол нь материалаар л ялгана даа. Ийм материалтай хувцас Монголд л лав байхгүй.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )